Спорт

Гурван онооны шидэлтийн дээд амжилт

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод “Даллас Маверикс” баг “Голден Стэйт” багийг талбайд нь 143:133  харьцаагаар хожлоо.

Тоглолтын шилдгээр “Даллас”-т тоглож буй Словенийн сагсан бөмбөгчин Лука Дончич 45 оноотой трипл-дабл хийж, 13 оновчтой дамжуулалт 11 удаа самбараас бөмбөг авчээ. Харин талбайн эзэн багаас Эндрю Уиггинс хамгийн олон буюу 29 оноо авсан байна. 

“Голден Стэйт”-ийн Стефен Карри 26 оноотой дабл-дабл хийж, 10 удаа оновчтой дамжуулалт хийжээ. Өмнөх тоглолтод тэрбээр тамирчны замналдаа 1500 дахь удаагаа бөмбөг тасалснаар тус багийн түүхэнд ийм амжилт тогтоосон анхны тоглогч болсон юм. 

Түүнээс гадна, хоёр багийн тоглогчид энэ удаагийн тоглолтод 48 удаа гурван онооны шидэлтийг амжилттай хийн /Голден Стэйт – 27 удаа, Даллас – 21 удаа/ оруулсан нь NBA-гийн түүхэн дэх дээд амжилт юм. Өмнө нь 2023 оны хоёрдугаар сарын 25-нд болсон “Лос-Анджелес Клипперс” – “Сакраменто” багуудын тоглолт (175:176 нэмэлт цаг) ба 12 дугаар сарын 14-нд болсон “Юта” – “Финикс” (126:134) багуудын тоглолтын явцад 44 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэжээ.  

Одоогийн байдлаар “Даллас” баг 17 хожил, 9 хожигдолтойгоор Баруун конференцийн тэмцээний хүснэгтэд 3 дугаарт, “Голден Стэйт” 14 хожил, 11 хожигдолтойгоор 7 дугаарт бичигдэж байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button