Дакар Ралли-2025 уралдаанд П.Мөрөн өрсөлдөнө
1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан 2025 оны нэгдүгээр сарын 3-нд эхэлнэ.
Саудын Арабын Биша хотоос гараагаа эхлэх эл уралдаанд оролцогчид 7500 км замыг туулах бөгөөд нэгдүгээр сарын 17-нд барианд орох юм. Манай улсаас автомашины олимпын мотоциклын төрөлд П.Мөрөн уралдахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Өдгөө 27 настай тэрбээр мото спортын олон улсын хэмжээний А.Пүрэвдоржийн хүү юм. П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. “Дакар ралли”-д уралдах Монголын 13, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байна.
Тэрбээр зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байгаа юм. 46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монголоос анх 2013 онд гавьяат тамирчин Д.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа нар уралдсан түүхтэй. Улмаар Д.Болдбаатар гурав, Н.Лхамаа таван удаа “Дакар ралли”-д шандас сорьжээ. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг уралдав.
Хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалжээ. Мөн 2015 онд УИХ-ын гишүүн Ч.Анар мотоциклоосоо буулгүй 72 цаг уралдсан нь онцлох амжилт болох юм.
Дакар уралдаан нь зөвхөн хурдны уралдаан биш, харин тамирчдын тэвчээр, ур чадварыг сорьдог, мөн байгалийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадамжийг шалгадаг онцгой уралдаан билээ. Биеийн тамир, спортын улсын хорооноос түүний тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлжээ.