Хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ 1.2 хувиар өсчээ
Инфляц өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8.1 хувьтай байна. Хөдөө орон нутагт зарагдаж байгаа хүнсний бараа тээврийн зардал шингэн, УБ хотоос өндөр үнэтэйгээр худалдаалагдаж байна. Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр монголчуудын хүнсэндээ голлон хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ ямар байгааг товч танилцуулья.
Махны дундаж үнэ
2024 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14442 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17971 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурч 17971 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өсөж 20492 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3155 төгрөг, 1-р зэрэг нь 2286 төгрөг, 2-р зэрэг нь 1443 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, 1-р зэрэг нь 2100 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1367 төгрөг, монгол байцай 5.5 хувиар өсөж 2763 төгрөг, монгол сонгино 0.1 хувиар буурч 3625 төгрөг, монгол лууван 4.7 хувиар өсөж 2531, хүрэн манжин 0.9 хувиар буурч 3429 төгрөгийн дундаж үнэтэй байна.