Төлбөрийн тэнцэл оны эхээс $254 саяын алдагдалтай гарлаа
Монгол Улсын төлбөрийн тэнцэл аравдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр оны эхнээс тооцсон дүнгээр 254 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин нэмэгдсэн байна. 2023 оны мөн үед Монгол Улсын төлбөрийн тэнцэл 696.6 сая ам.долларын ашигтай гарч байсныг Монголбанкны статистик мэдээллээс харж болохоор байна.
2024 оны эхний 10 сарын хугацаанд урсгал дансны тэнцэл 993.48 сая ам.долларын алдагдалтай гарсан нь төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөллөө. Хэдийгээр барааны худалдааны данс ашигтай байгаа ч үйлчилгээний дансны алдагдал 2.2 тэрбум ам.доллар давжээ. Үйлчилгээний дансыг бүрдүүлдэг тээвэр, аялал, бусад үйлчилгээний данс бүгд хасах үзүүлэлтээ хадгалж байна.
2024 оны хувьд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, экспортын зорилт 94.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч цаашид олон улсын зах зээлд нүүрсний үнэ бүх төрөл дээр үргэлжлэн буурах хүлээлттэй байгааг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм.
Аравдугаар сард төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэнтэй зэрэгцээд гадаад валютын улсын нөөц 4.7 тэрбум ам.доллар болж, оны эхнээс 4.47 хувиар буурчээ. Хэдий тийм боловч 11 дүгээр сард Улаанбаатар хотын олон улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондын санхүүжилтийн нөлөөгөөр эргэн өсөж, 4.9 тэрбум ам.доллар даваад байна.