Израил агаарын цохилтоороо Сирийн цэргийн байгууламжуудыг зориуд онилсон гэв
Сирийн босогчид нийслэл Дамаск хотыг эзэлж, Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаснаас 48 цагийн дотор Израилын арми 350 гаруй удаагийн агаарын довтолгоог Сирид хийсэн.
Ингэхдээ зориуд Сирийн стратегийн зэвсгийн байгууламжуудыг онилж, ихэнх нөөцийг нь устгасан гэжээ.
Израилын талаас “Ассадын эрх мэдлийг түлхэн унагасан босогч бүлгүүдэд Сирийн стратегийн зэвсгийг ашиглуулахгүйн тулд цэргийн байгууламжуудыг онилсон” гэж тайлбарлав.
Ерөнхий сайд Бенжамин Ньетаньяаху “Бид Сирийн дотоод хэрэгт оролцох бодолгүй. Гэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай зүйлсийг хийх ёстой” гэсэн байна.
Израилын хувьд Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлтэй хэдэн долоо хоногийн турш байлдсаны эцэст гал зогсоох хэлэлцээрт хүрсэн. Газын зурваст дайн үргэлжилж буй.
Харин Сирийн нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагааг “хилийн аюулгүй байдлыг хангахын тулд хийж буй хязгаарлагдмал, түр зуурын арга хэмжээ” гэж мэдэгдсэн.
Гэсэн ч Сирид хийж буй Израилын довтолгооны цар хүрээ есдүгээр сард Ливаны өмнөд хэсэгт хийж, Хезболлагийн пуужингийн нөөцийг устгасан довтолгоотой нь дүйхүйц байгаа юм.