PRIUS 30 | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ
Мотор
Техник технологийн ертөнцөд цоо шинэ хувьсгал хийж, Монгол Улс гэлтгүй дэлхий даяар “ард түмний унаа” болтлоо алдаршсан автомашин бол яах аргагүй Prius билээ.
Toyota компани 21 дүгээр зууны шаардлагад бүрэн нийцэх, шатахуун зарцуулга болон хорт утаа багатай автомашин үйлдвэрлэх төслийнхөө хүрээнд уйгагүй хөдөлмөрлөсөөр ердөө хагас жилийн дотор Toyota Hybrid System (THS) хэмээх хоёр цахилгаан мотортой схемийг зохиосон байдаг.
EGR систем буюу утааг дахин ашиглах системтэй болсон байдаг. Энэхүү дутуу шаталтын систем нь бохирдсоноос болж алдаа зааж мотор доголдож эхэлдэг.
Prius худалдан авах үед хянах дээр ямар нэгэн анхааруулах гэрэл асаж байвал мэргэжлийн инженерээр заавал оношлуулаарай.
Дугаар аваагүй шинэхэн Prius авсан даруйдаа хөргөлтийн шингэн болон бүх тос маслаа солиорой. Өвөл асуудалгүй асаая гэвэл синтетик тос илүү тохиромжтой. Цаашид моторын тосоо байнга шалгаж тогтмол хугацаанд нь сольж заншаарай.
Бензиний шар гэрлийг астал явах дэмий. Toyota компани Prius-ийг хэзээ ч шатахуунгүй жолоодож болохгүйг үргэлж анхааруулдаг бөгөөд гарын авлага дээрээ хүртэл “Шатахууны түвшинг бакны ¼-ээс багагүй хэмжээтэй байлга” гэж заадаг. Шатахуун дуусч, батарей цэнэгээ юу ч үгүй алдсан тохиолдолд Prius нам зогсох бөгөөд энэ тохиолдолд мэргэжлийн засварын газар бараадахаас аргагүй. Байнга ингэж явбал наанадаж бензин шүүгч, насос, цаанадаж батарей сэхэл авахааргүй үхдэг.
Prius 30 эзэмшдэг бол өглөө асаах бүртээ хөдөлгүүрийн дууг нь шинжээрэй. Хахирсан дуу гарч байвал үндсэн хөдөлгүүрийн гинж сунасан байх магадлалтай тул мэргэжлийн инженерт оношлуулж шаардлагатай бол солино.
Помпны хийг хөргөх шингэн солиулсан бол авч хэвшээрэй. Prius эзэмшигчдийн хувьд цахилгаан моторын помп толгойн өвчин болдог талтай. Антифризийн хэмжээ багасч хий орвол помп эвдэрч, цаашлаад цахилгаан мотор шатна. Өвөл, зуны техник үйлчилгээ хийлгэхдээ помпны хийгээ заавал шалгуулаарай.
Утаа хаях, хөдөлгүүрийн тос байнга дундрах нь хуруувч резин муудсаны шинж. Ийм байдалтай удаан явах нь очлуурыг (свечэ) амархан муутгана.
Prius-р гүн ус туулахыг хориглодог. Хөдөлгүүрийн агаар шүүгч богинохон хоолойтой учир ус сорвол шууд хөдөлгүүрт орно. Ингэж ус залгиснаас болж хөдөлгүүрт гэмтэж бүтнээр нь солихоос аргагүйд хүрнэ.
Prius-ийн агаар шүүгчийг 3,000-5,000км тутамд, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэснээр хөдөлгүүр доголдох, хүчгүй болох, шатахуун зарцуулга өсөх зэрэг сөрөг үзэгдэл гарахгүй. Моторын агаар шүүгчийг салоны агаар шүүгчтэй цуг солих нь илүү үр дүнтэй.
Японоос ирсэн шингэнтэйгээ хол замд явах үед антифриз царцаж хөдөлгүүрийн болон цахилгаан помп шатна. Үүний улмаас машин асахгүй ямар ч хөдөлгөөнгүй нам зогсдог.
Кроп
Prius-т суурилуулсан кроп нь CVT-ын нэг төрөл PSD (Power-Split Device) дагуул араат механизм дээр бүтээсэн. Уг механизмийн наран арааг генератортай, хөтлөгч буюу дагуул арааг дотоод шаталтат хөдөлгүүртэй, харин титэм арааг цахилгаан мотор болон дугуйтай холбосон байдаг. Улмаар энэ систем хүчний урсгалыг чиглэл бүрд зугуухан хуваарилж эхэлнэ. Үүний ачаар машиныг эхлээд зөвхөн цахилгаан мотороор асааж, хөдлөөд эхлэхэд нь дотоод шаталтын хөдөлгүүр оролцох боломжтой болгосон.
Энэ бүх үйл явцыг хайбрид системийн контроллер удирддаг. Prius-ийн кропт дагуул араат механизм ашигласнаар автомашин хөдөлгөөнд дуу чимээгүй оролцох боломжтой болсон. Хэрэв та анзаарсан бол хурд өсөхийн хэрээр хөдөлгүүрийн дуу чангардаггүй, нэгэн жигд дуутай байдаг нь ийм учиртай. Түүнчлэн уг кроп авсаархан, урт настай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай бат бөх эд ангиас гадна шатахуун зарцуулалт болон хорт утаа ялгарлыг эрс багасгах, шатахууныг мэдэгдэхүйц хэмнэхэд хувь нэмрээ оруулдаг.
Гэхдээ хэт өндөр ачаалалд тэсвэр сул. Prius-ийн кроп нь хөдөлгүүр болон цахилгаан эд ангитай нягт ажилладаг учир тэдгээрийг зөв арчлах нь эргээд кроптоо сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ноцтой гэмтвэл бүтнээр нь солихоос аргагүйд хүрдэг.
Prius шинээр худалдан авах гэж байвал юуны өмнө хөдөлгүүр, явах анги, цахилгаан системийн бүрэн оношилгоонд оруулахыг зөвлөе. Ялангуяа кропны ажиллагааг компьютероор нарийн оношилбол далд гэмтлийг илрүүлнэ.
Кропны тосоо хугацаанд нь солиулж хэвшээрэй. Хөдөө гадаа их явдаг бол кропны тосыг 15,000-20,000км тутамд, хотод унадаг бол 25,000км тутамд мэргэжлийн газар солиулах нь ашиглалтын хугацааг уртасгана.
Хүйтэнд үед машинаа аль болох дулаан гаражид хонуулаарай. Prius-ийн кроп хүйтнээс ажирдаггүй гэж хэлж болно. Гэхдээ өвөлжин гадаа хонуулаад байвал кропны сальник, резин эд ангиудын ашиглалтын хугацаа багасахаас гадна бензин идэлт огцом нэмэгддэг.
Гарын авлага ном дээр заасан зориулалтынх тос хийгээрэй. Стандартын бус тос хийх, хэт удаан хугацаанд хуучин тостой явж болохгүй. Pruis-ийн кроп хэдий бат бөх ч гэлээ муу тосонд мэдрэмтгий.
Prius-ээр машин чирэх нь хориотой. Учир нь кроп өндөр ачаалалд тэсвэр бага. Хэрэв та зайлшгүй шаардлагаар Prius-ээ чирүүлэх бол 12В аккумулятор болон араагаа салгаад хурдаа 30 км/ц-аас хэтрүүлэлгүй, бас 30 минут тутамд амрааж чирүүлээрэй.
Өвөл гадаа хонуулсан бол асаасан даруйдаа хөдөлгөөн эхлүүлэхийг хориглоно. Хөдөлгүүр халах зуур бээрсэн кроп бас гэсдэг тул хөдөлгүүрээ 2-5 минут халаасны дараа хөдөлгөөнд орж байхыг зөвлөе.
Хөдөлгүүр кропны хэсгээс элдэв чимээ гарах үед мэргэжлийн газрыг яаралтай зорь. Хэдий чинээ эрт оношлуулж засуулна, төдий чинээ эвдрэл бага гарахыг анхаар.
Кропны тосны түвшинг өвөл зуны үйлчилгээ хийлгэх бүртээ заавал шалгуул. Хэрэв бага зэрэг л хөлөрсөн шинж ажиглагдвал тосны түвшин багассаныг мэдэлгүй давхиулсар кропоо бүтнээр нь солих нөхцөл үүсэж болзошгүйг анхаараарай.
Цахилгаан
Prius бүхэлдээ цахилгаанаас хамааралтай компьютержсон автомашин гэдгийг бид мэднэ. Prius хоёр цахилгаан мотор-генератор, хоёр төрлийн батарейтай. Батарей нь никель-метал-гибрид болон 12 вольтын уламжлалт литий-ион төрөл.
Олон жижиг батарейнээс бүрддэг никель-метал- гибрид батарейг анх Prius 20-д зориулж бүтээсэн бөгөөд эдгээрийн аль нэг нь муудахад цэнэгээ бусад өндөр хүчдэлийн батерейндаа сөргөөр нөлөөлдөг.
Инвертер нь олон хүчирхэг транзистороос бүтдэг учир цахилгаан моторын адил маш их халуун ялгаруулдаг. Тиймээс шингэн хөргөлтийн систем энэ эд ангийг хөргөж байдаг.
Prius худалдан авахдаа өндөр хүчдэлийн батарейг нь сайн шалгах хэрэгтэй. Энэ эд анги үйлдвэрээс 150,000 км явалттай солих дөхсөн үедээ орж ирдэг тул батерейн цэнэгийг блок тус бүрээр нь шалгавал илүү сайн. (Засвар үйлчилгээтэй холбоотой)
Prius-ийн капут дотор зүүн урд хэсэгт гал хамгаалагчийн блок, инвертер байрладаг. Харин хойно багажинд батарей, цахилгаан блок хөргөөх сэнс байрладаг. Энэ сэнс эвдэрвэл батарей хэт халж хянах самбарт Check Engine гэрэл асна.
Хянах самбар дээрх анхааруулах гэрлүүдийг үргэлж анхаарна уу. Prius компьютержсон ухаалаг машин тул эвдрэл гэмтлээ анхааруулах гэрлээр илэрхийлдэг. Жишээ нь : ABS, анхааруулах улаан гурвалжин болон бусад гэрэл ассан даруйд мэргэжлийн газар оношлуулаарай.
Аккумулятор суусан үед буруу холбовол хянах самбар гэмтдэг. Зөв дарааллаар холбож асаагаагүйгээс болж гэмтдэг учраас тогтоосон дарааллын дагуу холбож байгаарай.
Рулын уян утас гэмтдэг. Гэмтлийн шалтгаан нь моралын элэгдэлтэй холбоотой. Тиймээс эвдэрсэн тохиолдолд зайлшгүй шинэ эд ангиар солих хэрэгтэй.
Үндсэн моторын помп шатдаг – хөргөх шингэн царцсанаас болж жоохон ачаалал өгөхөд дуу ордог. Сэргийлэхийн тулд хэмжээг шалгаж хөлдөх температурыг шалгаж байх хэрэгтэй.
Хөргөлтийн шингэний хэмжээг байнга хянаж занш. Кондишн муу ажиллах, паар муу үлээх нь хөргөлтийн шингэнээс хамаардаг тул шалгаж үзээд дундарсан байвал нэмчих. Тун удалгүй паар халуунаар үлээгээд эхэлнэ.
Батарейгаа хайрла. Ялангуяа хөдөө гадаа явахдаа өндөрлөг газраас буухдаа “В” горимыг ашиглаарай. Ингэвэл батарейгаа ч, тоормосны системээ ч хамгаална. Мөн хөдөлгүүр унтраатай үед хөгжим сонсох, паар үлээлгэх гэх зэргээр цахилгаан хэрэгслээ ажиллуулаад байвал 12Вольтын жижиг аккумулятор цэнэгээ хурдан алдана.
Ихэнх тохиолдолд жолооч нар хөргөлтийн шингэнээ дууссаны нь мэдэхгүй, анхаарч яваагүй улмаас хөргөлтийн шингэнээ хөлдөөдөг. Үүний улмаас цахилгаан помпыг гэмтээдэг.
Бензиний шар ассан үед хол зам туулснаар батерейг нураах том шалтгаан болдог. Үйлдвэрлэгчээс 150,000-200,000 мянга км яваад солихыг зөвлөдөг. Монголд ихэвчлэн 130,000 гаруй км явсан машинууд орж ирж байна.
Prius-ээр гүн шавар, гүн ус туулах, усанд удаан зогсох нь хориотой. Үүний улмаас цахилгаан систем, төхөөрөмж гэмтэж улмаар шатах эрсдэлтэй. Загвараасаа үл хамаараад 10-аас дээш настай Prius-н уснаас хамгаалах жийрэг муудаж хатуурсан байх нь элбэг.
Prius30 | Түгээмэл эвдрэл, гэмтэл
Тулгуур эд анги
Зүгээр руллын аппараттай приус гэж байхгүй дээ. Хамгийн их дуугарна.
Босоо тэнцүүлэгч болон тэнцүүлэгчийн даравч резин. Хааяа хааяа өндгөн тулгуурын гэмтлүүд орж ирдэг.
Хойд тэвшний втулк амархан тасардаг.
Приус өөрөө энгийн машин. Жишээлбэл энэ LX470-ууд дээр гар, доод гар, тусдаа гаруудтай байхад приус ганцхан буюу доод гар, өнгөн тулгуур, амортизатор болон тэнцүүлэгчтэй.
Приус 30, 40-ууд дээд цахилгаан руллын аппарат буюу хөндлөн аппарат нь руль дотор их дугардаг. Энэ гэхдээ тулгуур эд анги биш.
Түгээмэл асуудаг сэлбэгүүд
- Урд хойд амортизатор
- Рулийн уян утас
- Цахилгаан помп
- Босоо тэнцүүлэгч