Ногоон ургамал анхаарал төвлөрөлтийг 23%-аар нэмэгдүүлдэг
Цахим сургалт нь уян хатан байдал, олон боломжийг олгодог ч анхаарал төвлөрөлт сулрах, үр бүтээл багасах зэрэг бэрхшээл дагуулдаг. Цахим мэдээллийн хэт их хэрэглээ тархины мэдээлэл боловсруулах чадварыг бууруулж, анхаарал төвлөрөлтийн хугацааг дунджаар 8 секунд болгодог байна. Их Британи дахь судалгаагаар өдөрт дөрвөн цагаас илүү утас ашигладаг хүмүүсийн богино хугацааны ой тогтоолт 25%-аар буурдаг болохыг тогтоожээ. Цахим сургалтын үед анхаарлаа төвлөрүүлэхэд туслах аргуудыг хүргэж байна.
1. Сургалтын орчноо зөв сонгох
Чимээгүй, тохь тухтай газар сонгож, хэрэггүй зүйлсээс холдох нь чухал юм. Гар утас, тоглоом зэрэг анхаарал сарниулах зүйлсийг хажуугаас авч холдуулаарай. Компьютер, чихэвч, интернэт холболт зэрэг хэрэгслээ бэлдэж, урьдчилан шалгана уу. 2022 оны судалгаагаар анги танхимд ногоон ургамал байрлуулах нь сурагчдын анхаарал төвлөрөлтийг 23%-аар нэмэгдүүлдэг болохыг нотолжээ. Та өөрийн орчиндоо ногоон ургамал байршуулах боломжтой. Мөн байгалийн гэрэлтэй орчинд хичээллэдэг сурагчдын шалгалтын оноо 10%-иар өндөр байдаг байна.
2. Хуваарь гаргах, зорилгоо тодорхойлох
Хичээл хийх, амрах, гэрийн даалгавар хийх цагийг тодорхойлж, дагаж мөрдөөрэй. Өдөр бүр тодорхой зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхийг хичээгээрэй.
3. Бие махбодоо бэлдэх
Цахим сургалтын өмнө сайн унтаж амрах нь анхаарал төвлөрөхөд чухал нөлөөтэй.
Хичээл эхлэхийн өмнө хөнгөн сунгалт хийх нь биеийг сэргээж, анхаарал нэмэгдүүлнэ.
Өөх тостой, хүнд хоолноос зайлсхийж, эрч хүчийг өгөх хөнгөн хоол идээрэй. Америкийн сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар хүмүүсийн бүтээлч байдал өглөөний 10:00-12:00 цагийн хооронд хамгийн өндөр байдаг. Харин өдрийн цайны дараа буюу 14:00–15:30 цагийн хооронд бүтээлч чадвар хамгийн бага түвшинд хүрдэг аж.
4. Амралтаа зөв зохицуулах
Урт хугацаанд хичээллэх нь ядаргаа үүсгэх тул богино завсарлага авахыг хичээ. Амралтын үеэр биеэ хөдөлгөж, сэргэлт өг. Завсарлагааны үеэр нүдээ амрааж, дэлгэцээс хол байна. 2023 оны нэгэн судалгаагаар амжилттай удирдагч, бизнес эрхлэгчид ихэвчлэн шөнө 6-7 цаг унтдаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч тэдгээр хүмүүсийн 56% нь өглөө эрт (4:30–6:00 цагийн хооронд) сэрж, хамгийн бүтээлч ажлуудаа энэ үеэр хийдэг байна. Эдгээр аргуудыг туршиж, тохиромжтойг нь сонгон хэрэглэснээр цахим сургалтын үед анхаарлаа илүү төвлөрүүлж, үр бүтээлтэй суралцах боломжтой.