“Наурыз”-ын баяр ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвөөр бүртгэгдлээ
Парагвай Улсын Асунсион хотод 12-р сарын хоёрны өдөр эхэлсэн ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19-р ээлжит чуулганы үеэр “Наурыз” баярыг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэж авлаа. Ингэснээр Монгол Улсын хувьд Наурыз нь уг төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн 17 дахь соёлын өв нь болж байна.
“Наурыз” баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлж, 12 улсын хамтаар нэр дэвшүүлээд байсан юм.
Наурызын баяр нь Монгол Улсын нийт хүн амын 4 хувийг бүрдүүлдэг казах түмний соёлын биет бус өвийн олон илэрхийллийг агуулдаг учир казахын ард түмний ёс заншил, уламжлалт сэтгэлгээ, соёлын уламжлалыг хамгаалж, хойч үедээ өвлөн үлдээхэд нийгэм, соёлын чухал үүрэгтэй баяр юм.