Макларен баг 1998 оноос хойш анх удаа түрүүллээ
“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Британийн “Макларен” баг түрүүлжээ.
Тус багийн гишүүн, Британийн уралдаанч Ландо Норрис Абу-Даби хотноо болсон 24 дэх буюу сүүлчийн гараанд тэргүүлсэн байна. Хоёр, гуравдугаар байрт “Феррари” багийн Карлос Сайнз, Монакогийн авто уралдаанч Шарль Леклер нар тус тус шалгарсан хэдий ч италичууд багийн дүнгээр “Макларен”-ыг гүйцэхэд тус болсонгүй.
“Ред Булл” багийн нидерланд уралдаанч Макс Ферстаппен дөрөв дэх удаагаа дараалан дэлхийн аварга болжээ.
“Макларен” баг улирлын төгсгөлд 666 оноо авч тэргүүлсэн бол “Феррари” 652 оноогоор хоёрдугаар байрт, “Ред Булл” (589) гуравдугаар байрт шалгарсан байна.
Ингэснээр “Макларен” баг “Формула 1”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 1998 оноос хойш анх удаагаа түрүүллээ. Тус баг нийт есөн удаа түрүүлж байна.
М.Ферстаппен 437 оноо авч тэмцээнийг дуусгасан бол хоёрдугаар байрыг Л.Норрис (374 оноо), гуравдугаар байрыг Ш.Леклер (356 оноо) нар тус тус эзэлжээ.