Спорт

Руй Хачимура Японы төлөө дахин тоглохгүй

Өнөө цагийн Японы сагсан бөмбөгийн тод од нь яахын аргагүй Руй Хачимура билээ. Өдгөө 26 настай түүний хувьд NBA-ийн Лос Анжелес Лэйкерс багт тоглодог бөгөөд шигшээ багийнхаа гол тоглогч. Тэгвэл түүний сүүлд Японы сагсан бөмбөгийн холбоо болон шигшээ багаа шүүмжилж хэлсэн үгс олны анхаарлыг татаад байна.

Японы сагсан бөмбөгийн холбооны зүгээс ч үл ойлголцол гарсан гэдгийг мэдэгдэж, АНУ-д тоглож буй тамирчидтайгаа харьцах алба бий болгоно гэжээ.

Руй Хачимура арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хэлсэн үгэндээ Японы шигшээ багт дундуур байгаагаа илэрхийлж, “Би энэ талаар нэг их яримааргүй байгаа ч шигшээ багийн хийж байгаа зүйлс надад таалагдахгүй байна” гэсэн аж.

Мөн тэрбээр Японы шигшээ багийн одоогийн ахлах дасгалжуулагч Том Ховассег Парисын олимпийн дараа ажилд нь үлдээсэнд гайхаж, эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг ойлгодог мэргэжилтэн авчирна гэдэгт итгэж байгаа гэнэ.

Дээрх мэдэгдлээс удалгүй арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хэлсэн үгэндээ Руй Хачимура “Японы сагсан бөмбөгийн холбоо тамирчдын бус өөрсдийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьдаг. Би ийм нөхцөлд шигшээ багийнхаа төлөө цаашид тогломооргүй байна” гэжээ. Энэ мэдэгдлээс харахад Руй Хачимура ирэх 2028 оны Лос Анжелесын олимпод эх орноо төлөөлж, оролцохгүй байх магадлалтай.

Ийнхүү Руй Хачимура болон Японы сагсан бөмбөгийн холбооны хоорондох асуудал цаашид хэрхэх нь сонирхолтой байна. Сүүлд Японы шигшээ багийн тамирчин Юта Ватанабэ энэ асуудлыг хяналтдаа байлгахыг хичээнэ гэдгээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button