Баярын бэлгийг хэмнэлттэйгээр сонгох шилдэг санаанууд
Шинэ жил бол хайртай хүмүүстэйгээ бэлэг солилцох гайхалтай баяр юм. Гэхдээ бэлэг нь заавал өндөр өртөгтэй байх албагүй. Хэрэв та өртөг багатай, сэтгэлд хүрэх бэлэг хайж байгаа бол эдгээр санааг хэрэгжүүлээрэй.
1. Төлөвлөгч дэвтэр ба үзгийн иж бүрдэл
Тэмдэглэл хөтлөхөд зориулсан чанартай тэмдэглэлийн дэвтэр, үзгийн иж бүрдэл нь маш хэрэгцээтэй, энгийн атлаа үнэ цэнтэй бэлэг болно.Төлөвлөгч дэвтэр эсвэл хуанли нь үр бүтээлтэй, эмх цэгцтэй, урам зоригтой байхад тусалдаг учраас ихээхэн хэрэгтэй бэлэг юм.
2. Ароматик лаа эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн
Ажиллаж байгаа өрөөг нь илүү таатай, тайван орчин болгоход туслах гоёмсог ароматик лаа эсвэл өрөөний үнэртүүлэгч өгч болно. Мөн ялангуяа эмэгтэйчүүдэд нүүрний маск, биеийн скраб, үнэрт эмчилгээний лаа зэрэг зүйлсийг өгөх нь хэзээ ч буруудахгүй сонголт юм. Гоо сайхны багц эсвэл алжаал тайлах массажны купон зэрэг нь ажлын ачааллыг багасгаж, өөрийгөө халамжлах боломжийг олгодог.
3. Өөрийн гараар баярын бялуу хийж өгөх эсвэл амттаны багц
Амтат шоколад, жимс, самар зэргээр баяжуулсан амттаны сагс байж болно. Мэдээж өөрийн гараар бичсэн захиатай байвал илүү нандин болох юм. Кофенд дуртай нэгэн бол өвөрмөц төрлийн кофе эсвэл кофены аяга бэлэглэж болно. Өөрийн гараар баярын бялуу хийж өгөх нь маш сайхан, халуун дулаан сэтгэл шингэсэн бэлэг болно. Энэ нь зөвхөн амттай зүйл бус, өөрийн цаг зав, сэтгэлийг зориулсан бүтээл учраас түүнийг үнэхээр баярлуулна.