Жүдо, Чөлөөтийн тамирчид үндэсний бөхөөр халз барилдана
“Жүдо VS Чөлөөт” бөхийн баг тамирчдын багийн үндэсний бөхийн халз барилдаан 12-р сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болно. Анх 1999 онд чөлөөт, жүдо бөхийн тамирчдын үндэсний бөхийн халз барилдаан болж байжээ.
Тухайн үед Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням тэргүүтэй “зургаан залуу заан” гэгдэн үндэсний бөхөөр ид барилдаж байсан А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат нарын бөхчүүд их спортоор хичээллэж байсан сууриндаа тулгуурлан, жүдо болон чөлөөт бөхийн багт хуваагдаж халз барилдаан хийхэд тэнцээгээр өндөрлөж байжээ.
Тэр барилдаанаас хойш 25 жилийн дараа анх удаа “Хийморь” төслийн хүрээнд “Жүдо VS Чөлөөт”- ийн тамирчид үндэсний бөхөөр халз барилдах гэж байна.
Жүдогийн багийг Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч Х.Цагаанбаатар, чөлөөтийн багийг Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулна. Багийн бүрэлдэхүүнд их спортоор ид барилдаж буй тамирчид болон улс, аймгийн цолтой бөхчүүдээс жин, тамирчдын цолны эрэмбэ, чансааг дүйцүүлэн тойргоор халз барилдуулна. Баг тус есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд долоо нь талбайд гарах ба нийт 49 барилдаан болно. Чөлөөт, жүдо бөхөөр барилдаж, УАШТ-д медаль авч байсан тамирчдын багтаа сонгох юм байна.