Богино долгионыг нисэх онгоцноос дамжуулах туршилт амжилттай болжээ
Японы судлаачид нарны эрчим хүчийг сансраас Дэлхий рүү богино долгион хэлбэрээр илгээх төслийн хүрээнд нисэх онгоцноос богино долгионыг Дэлхий рүү амжилттай дамжуулжээ.
Энэ төслийг хэрэгжүүлж буй “Japan Space Systems” компани хол зайд эрчим хүч дамжуулах анхны туршилтыг лхагва гарагт хийжээ. Туршилтыг хийхэд Японы сансар судлалын JAXA агентлаг болон Японы төв хэсэгт орших Нагано мужийн Сува хотын их дээд сургуулиудын судлаачид оролцсон байна.
Төслийн хүрээнд судлаачид 36 мянган км-ийн өндөрт нарны хавтан байрлуулж, үйлдвэрлэсэн эрчим хүчийг богино долгионд хувиргаад Дэлхий рүү дамжуулахаар төлөвлөж байна. Энэхүү технологийг 2045 он гэхэд ашиглаж эхэлнэ гэж найдаж байгаа ажээ.
Лхагва гаргийн туршилтаар нисэж буй онгоцноос дамжуулсан богино долгион газар дээрх төхөөрөмжид яг очиж байгаа эсэхийг шалгажээ. Богино долгионыг 7 мянган м-ийн өндөрт нисэж буй онгоцонд суурилуулсан дамжуулагчаас Дэлхий дээр 13 цэгт суурилуулсан 10 хав.дөр.см хэмжээтэй хяналтын төхөөрөмжид дамжуулсан байна. Онгоц нисэж байх үед богино долгион нь төхөөрөмжид яг онож очсоныг мониторууд харуулжээ.
Сансарт нарны эрчим хүч үйлдвэрлэхэд цаг агаар эсвэл өдөр шөнийн мөчлөг нөлөөлдөггүй тул эрчим хүчний тогтвортой эх үүсвэр байх боломжтой гэж үздэг.
Судлаачид туршилтын өгөгдөлд дүн шинжилгээ хийх бөгөөд сансраас Дэлхий рүү цахилгаан эрчим хүч дамжуулах туршилтыг жижиг хиймэл дагуул ашиглан ирэх онд хийхээр төлөвлөж байна.
Сансарт хийх дараагийн туршилт чухал алхам болно гэдгийг “Japan Space Systems”-ийн төслийн менежер Янагава Хироки онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, төслийн багийнхан өнөөг хүртэл туршилтыг Дэлхийн агаар мандалд хийж байсан тул сансраас эрчим хүч дамжуулах туршилтын үеэр гарах эрсдэлийг сайтар тооцох шаардлагатай гэв.