Батарей хуримтлуурын станцыг туршилтаар ажиллуулж эхэллээ
Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилгын ажлыг дуусгаж, туршилтаар ажиллуулж эхэллээ.
Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат ярихдаа, “Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей станц барьж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт техникийн комисс туршилтын холболтыг залгасан. Туршилтын горим, техник жигдрүүлэлтийг зохион байгуулаад улсын комисс станц дээр ажиллана. Нийслэлээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Үүний дараа станцыг ашиглагчдад хүлээлгэн өгнө. Ажлын төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг. Одоогоор туршилт, жигдрүүлэлт хийж байна” хэмээжээ.
Станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллажээ. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.