Спорт

Оросын хөл бөмбөгийн шигшээг сугалаанд оролцуулахгүй

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/  Европын бүсэд болох 2026 оны ДАШТ-ний урьдчилан шалгаруулах тэмцээний сугалааны сагснуудын бүтцийг танилцууллаа. 12 дугаар сарын 13-нд явагдах уг сугалаанд ОХУ-ын шигшээ багийг оролцуулахгүй ажээ.

Украинд болж буй үйл явдлаас шалтгаалан ОХУ-ын шигшээ баг ба клубүүдийг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг ФИФА болон УЕФА-гаас 2022 оны хоёрдугаар сард гаргасан юм. 2023 оны намар тус хоёр холбоо “цэргийн тусгай ажиллагаа дуусах хүртэл уг хоригийг цуцлахгүй” гэж мэдэгдсэн байна.

Ирэх сард болох сугалааны явцад тус бүр 4-5 багаас бүрдэх 12 хэсгийн бүрэлдэхүүн тодорхой болно. Ингээд урьдчилан шалгаруулах тэмцээний дүнгээр 2026 онд АНУ, Канад, Мексикт болох шувтаргын тэмцээнд Европоос 16 баг шалгаран оролцох ёстой. Эдгээр багаас хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн 12 баг ДАШТ-нд шууд оролцох бол бусад 4 эрхийн төлөө хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 12 баг, мөн 2024/2025 оны улирлын Үндэстнүүдийн лигийн тэмцээнд хэсгээ тэргүүлсэн 4 баг буюу нийт 16 баг плей-оффын шатанд өрсөлдөнө.   

Ингээд сагснуудын бүтцийг танилцуулъя: 

Нэгдүгээр сагс: Франц, Испани, Португал, Итали, Англи, Швейцар, Хорват, Нидерланд, Дани, Герман, Бельги, Австри;

Хоёрдугаар сагс: Украин, Швед, Турк, Уэльс, Унгар, Серб, Польш, Румын, Грек, Словак, Чех, Норвег;

Гуравдугаар сагс: Шотланд, Словен, Ирланд, Албани, Хойд Македон, Гүрж, Финланд, Исланд, Умард Ирланд, Монтенегро, Босни  Герцеговин, Израил;

Дөрөвдүгээр сагс: Болгар, Люксембург, Беларусь, Косово, Армени, Казахстан, Азербайжан, Эстони, Кипр, Фарерийн арлууд, Латви, Литва;

Тавдугаар сагс: Молдави, Мальт, Андорра, Гибралтар, Лихтенштейн, Сан-Марин

Эх сурвалж:МОНЦАМЭ

Холбоотой мэдээнүүд

Back to top button