Бизнес

Bank of China дарга асан Liu Liange-д авлигын хэргээр цаазаар авах ял оноолоо

Мягмар гарагт болсон анхан шатны шүүх хурлаар намын дарга асан, Хятадын Банкны ТУЗ-ийн дарга асан Лю Лянгэ их хэмжээний авлига авсан хэргээр хоёр жилийн хугацаатай цаазын ял авчээ. Тодруулбал, тус хоёр жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд л ялыг нь хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Лю 2010-2023 оныг хүртэл ажиллах хугацаандаа зээл, төсөл, боловсон хүчний зохицуулалтад туслахын тулд 121 сая юань буюу 16.7 сая ам.долларын хахууль авчээ. Тэрээр 2017-2020 онд 3.32 тэрбум юанийн хууль бус зээл олгож, улсын төсөвт нийтдээ 190.7 сая гаруй юанийн хохирол учруулсан байна. Лю 2019 онд Хятадын Банкны ТУЗ-ийн дарга болохоосоо өмнө Хятадын Ардын банк, Хятадын Экспорт-Импортын банк зэрэг банк санхүүгийн байгууллагад ажиллаж байжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын эрх баригч Коммунист нам түүнийг хууль бус үйл ажиллагаа явуулж, авлига авсан хэмээн хөөсөн юм. Лю гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэгт хулгайлагдсан мөнгө, эд хөрөнгийн ихэнх хэсгийг олж авсан тул цаазаар авах ялыг шууд хэрэгжүүлэх боломжгүй аж.


Сүүлийн жилүүдэд Хятад улс санхүүгийн салбарын авлигын эсрэг тэмцлээ эрчимжүүлж байна. Энэ 11-р сард Хятадын Үйлдвэр худалдааны банк, Хятадын Барилгын банк зэрэг төрийн өмчит томоохон банкнуудын зарим албан тушаалтнуудыг хээл хахууль авсан, шамшигдуулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай Хятадын Сахилгын хяналтын төв комисс мэдээлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button