Халтиргаа гулгаанаас болж толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилж байна
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 23 нь эрэгтэй, 21 нь эмэгтэй байна. Мөн 0-18 насны хүүхэд долоо байгаа юм.
Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байгаа аж.
Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарна уу.
- Халтирдаггүй ултай буюу зөөлөн ултай гутал болон даарах, халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
- Гараа халаасандаа хийхгүй явах
- Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах
- Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох
- Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
- Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийг гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахыг ГССҮТ-өөс анхаарууллаа.