Энэтхэг улсын хоёр том компани Монголоос коксжих нүүрс авахаар хэлэлцэж байна
БНЭУ-ын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “JSW Steel” болон Төрийн өмчит “Steel Authority of India” компани Монгол Улсаас хоёр удаагийн тээвэрлэлтээр коксжих нүүрс худалдан авахаар хэлэлцээ хийж байгааг “Reuters” агентлаг мэдээлжээ.
“JSW Steel” 2500 тонныг, “Steel Authority of India” 75 мянган тонн нүүрс авахаар төлөвлөсөн бөгөөд ОХУ, БНХАУ-ын аль нэгээр дамжуулан импортлохоор байгааг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.
Боловсруулаагүй ган үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Энэтхэг улс нийт коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 хувийг импортоор хангадаг.
Цаг уурын хүнд нөхцөл байдлаас болж өнгөрсөн онд импортын гол түнш Австралийн нийлүүлэлт саатсанаар Энэтхэг улс коксжих нүүрсний эх үүсвэрээ төрөлжүүлэх гарц хайж байгаа аж.
Өнгөрсөн сард БНЭУ-ын Засгийн газар ОХУ-аар дамжуулан Монголоос нүүрс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар мэдээлэл мөн гарч байлаа. Монголын коксжих нүүрс Австралийн нүүрстэй харьцуулбал тонн тутамдаа 50 ам.доллароор хямд байдаг нь Энэтхэгт таатай сонголт болоход мөн нөлөөлж буйг “Reuters” онцолжээ.