Трамп Мексик, Канад, Хятад улсын барааны татварыг нэмэхээ мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ирэх оны нэгдүгээр сард тангаргаа өргөх Дональд Трамп Мексик, Канад, Хятад улсуудад ногдуулах татварын хувийг нэмнэ гэжээ.
Тодруулбал Доналд Трамп ажлаа хүлээн авсан даруйдаа Мексик болон Канадаас АНУ руу орж ирж буй бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн татвар ногдуулна. Мөн Хятад улсын бараанд нэмэлт татвар ногдуулна гэжээ.
Түүний мэдээлснээр хар тамхи, фентанил болон хууль бусаар хил нэвтэрч буй хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах хүртэл энэ тариф хэвээр үргэлжлэх аж.
Хятад улс АНУ-д орж ирж буй хар тамхины тоог хязгаарлаж чадаагүй нь тус улсын бараануудад нэмэлт 10 хувийн татвар ногдуулах шалтгаан болсон гэдгийг Трамп хэлжээ.
Харин үүний хариуд Мексикийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум “Татварын хувийг нэмэх төлөвлөгөө нь АНУ-ын хилээр нэвтэрч буй цагаачид эсвэр хар тамхины урсгалыг зогсооход ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Татвар нэмэх нь хоёр улсад инфляц болон ажилгүйдлийг л улам нэмэгдүүлнэ. Мексик улс өөрсдийн тарифаар хариу арга хэмжээ авна. ” хэмээн мэдэгдээд байна.
Дональд Трамп дөрвөн жилийн дараа дахин Америк улсыг удирдахаар болж, Ерөнхийлөгч болохдоо хийнэ хэмээн амласан зүйлүүдийн нэг нь гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд импортын ихэнх бараанд 10-аас доошгүй хувийн татвар ногдуулна гэсэн амлалт байсан юм.