Бизнес

Төгрөгийн ханш оны эхнээс 0.07 хувиар суларлаа

Сүүлийн байдлаар төгрөг ам.долларын ханш 3415-д мөрдөгдөж байгаа нь өнгөрсөн оны XII сарын сүүлд хүрсэн түвшин юм. Оны эхэнд 3412.5 нэгжид мөрдөгдөж байсан төгрөгийн ханш III сард ам.долларын эсрэг 1.9 хувиар чангарч, энэ оны хамгийн чанга түвшиндээ хүрсэн. Төгрөгийн ханшийн өөрчлөлтөд чухал нөлөөтэй валютын нөөц энэ оны III сард  анх удаа 5.2 тэрбум ам.долларт хүрснээс хойш буурсаар X сарын эцэст 4.7 тэрбум ам.доллар болоод байна. 

Оны эхний хагас жилд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжиж 5.6 хувиар өссөн бол III улиралд өсөлт саарч, 5 хувьтай гарахад ХАА-н салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлсэн. Мөн нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хагаст 40.6 сая тоннд хүрснээр нийт төсвийн тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гэсэн ч оны II улиралд импорт өсөж, Төв банкнаас своп хэлцлийн өр төлбөрийн хэсгийг нь эргэн төлсөнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, төгрөгийн ханш 3381 нэгжид хүрч сулраад байна.

Төгрөгийн ханш оны эхний III улиралд харьцангуй тогтвортой байсан ч X сарын 9-нөөс эхлэн тасралтгүй суларсаар сүүлийн байдлаар ам.долларын эсрэг энэ оны бүх өсөлтөө алдаж, оны эхнээс 0.07 хувиар суларлаа.

Монгол Улсын гадаад худалдаа X сард 444.6 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн. Төгрөгийн ханшийг харвал өмнөх оны мөн үед 3439-д мөрдөгдөж байсан нь одоогийнхоос 0.7 хувиар сул түвшин юм.  Хэдий төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн ч III улиралд ам.долларын ханш 5.6 хувиар чангарсан, мөн геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгаа зэрэг нь дотоодын валютын ханшид нөлөөлж буй.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button