Монгол Улс анх удаа дохионы цахим толь бичигтэй болсон ба хэрэглэгчдэд дохионы хэлийг хялбар, хурдан ойлгомжтой байдлаар танилцуулсан, үнэ төлбөргүй ашиглах боломжтой онлайн платформ юм.
Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын FLOM (Finnish Lutheran Overseas Mission) байгууллагын санхүүжилтээр Тэгш тусгал ТББ-тай хамтран 2021-2024 оны хугацаанд буюу нийт 3 жилд бүтсэн томоохон төсөл ийнхүү нээлтээ хийлээ.
Та тус онлайн платформлуу зочилхыг хүсвэл Монгол дохионы хэл– дээр дарна уу.
Тус цахим толь бичгийг бүтээхдээ Монгол Улсын 21 аймгийг хамарсан өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнд тулгуурласан байна. Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь ашиглалтад орсноор сонсголгүй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоо дэмжигдэх, монгол дохионы хэлний адилслыг бэхжүүлэх, монгол дохионы хэлийг баримтжуулах, хэл зүйн дүрмийг цахим хэлбэрээр хадгалах болон хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байна.
Дохионы хэл нь ярианы хэлтэй адил бүс нутаг, соёлоороо харилцан адилгүй байдаг тул улс орон бүрт өөр өөр байдаг. Дэлхий даяар 300 гаруй өөр дохионы хэл ашигладаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь бие биенээсээ эрс ялгаатай байдаг байна.