Бизнес

Төсвийн нэгдсэн орлогын 90 гаруй хувийг татварын орлого бүрдүүлжээ

Улсын нэгдсэн төсвийн тэнцэл оны эхний 10 сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 25.5 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 28.7 хувиар өсчээ. Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 23.9 их наяд төгрөг болж, 25.9 хувиар өссөн байна.

Харин зарлага, цэвэр зээлийн хэмжээ нь I-X сард 22.3 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар өссөн дүн болжээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 91.3 хувиар, хөрөнгийн зардал 40 хувиар тус тус өссөн нь нөлөөлснийг харж болохоор байна.

Төсвийн нийт орлогын 90 гаруй хувь буюу 22.3 их наяд төгрөгийг татварын орлого бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.3 хувиар нэмэгджээ. Үүнд орлогын албан татвар 48 хувиар, онцгой албан татвар 38 хувиар, НӨАТ 22 хувиар, нийгмийн даатгалын орлого 21 хувиар өссөн голлон нөлөөлсөн байна.

Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийг яаралтай эхлүүлэх зорилгоор 2024 оны төсвийг өнгөрсөн наймдугаар сард гурван их наяд гаруй төгрөгөөр нэмж тодотгосон юм. Ингэснээр оны эцэст эдийн засаг 5.6 орчим хувиар өсөж, экспорт 16.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар хүрнэ гэж төсөөлж байна. Харин инфляц Монголбанкны зорилтот түвшний дээд интервал орчимд байх хүлээлттэй байгааг Сангийн яам мэдээлж байв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button