Ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өсөв
Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд III улирлын байдлаар 6.1 хувьтай байгаа нь сүүлийн гурван жилийн хамгийн дээд үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч ажиллах хүчний оролцооны түвшин 0.8 хувиар нэмэгдэж, 63 хувьд хүрчээ.
Ажиллах хүчний оролцооны түвшнийг харвал эрэгтэйчүүдийнх 72 хувь, эмэгтэйчүүдийнх 54.8 хувьтай байгаа бөгөөд ажиллагчдын тоо өссөн нь оролцооны түвшин нэмэгдэхэд голлон нөлөөлж байгаа аж.
Монгол Улсад шинээр бий болж буй ажлын байрны дийлэнх нь харьцангуй бага цалинтай салбаруудад бий болсныг Дэлхийн Банкны тайланд онцолжээ. 2010-2020 онд шинээр бий болсон ажлын байрны 60 орчим хувь нь голч цалингаас доогуур цалинтай салбаруудад ногдож байгаа нь анхаарал татсан үзүүлэлт болж байгаа юм.
Нэг ажиллагчид ногдох хөдөлмөрийн бүтээмж уул уурхай, олборлолтын салбарт 0.6 хувиар өссөн бол хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилгын салбарын бүтээмж буурчээ. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарынх 10.2 хувиар буурсан байна.
Уул, уурхай, банк, мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй иргэдийн хувьд цалин нь харьцангуй өндөр байгаа бол бусад салбарынх харьцангуй бага байгаа юм. Тиймээс цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхэд нөлөөлнө гэж Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайд Л.Энх-Амгалан тодотгож байв.
Мөн Дэлхийн Банкны Ахлах эдийн засагч Ян Хуаны онцолсноор “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад шинээр ажлын байр нэлээдгүй бий болж буй ч цалин хангалттай биш байна. Түүнчлэн хувийн компаниуд илүү чанартай ажлын байр бий болгох хэрэгтэй” байна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia