Бизнес

Монгол Улсын зээлжих зэрэглэл 9 жилийн дараа ахилаа

Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг есөн жилийн дараа “B3” түвшнээс “B2” түвшинд ахиулж, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайжрахад сүүлийн жилүүдэд өрийн дарамтыг тогтвортойгоор бууруулсан, өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, мөн эдийн засаг тогтвортойгоор өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн зэрэг нь нөлөөлсөн гэж “Moody’s” онцолж байна. 

Үүнээс гадна Монгол Улсын гадаад худалдаа сүүлийн жилүүдэд өндөр байсан нь гадаад валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн экспортын өсөлт тогтвортой хадгалагдахаар байгаа тул валютын нөөц өнөөгийн түвшиндээ тогтворжино гэж таамаглажээ.

Хэдийгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл “B2” болж ахисан ч олон улсын жишиг түвшнээс бага байна. Өөрөөр хэлбэл “junk” буюу “өндөр эрсдэлтэй” ангилалд хэвээр байгаа юм.

Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн циклээс өндөр хамааралтай байгаа нь үүнд голлон нөлөөлж байна. Эдийн засгийн бүтэц нэг салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа тул дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон төсвийн хэмжээ огцом хэлбэлзэхэд нөлөөлж болзошгүй гэж “Moody’s” агентлаг анхааруулж байна.

Есдүгээр сард “Fitch Ratings” агентлаг мөн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” буюу “Тогтвортой” түвшинд хүргэж, ахиулаад байсан юм. Харин аравдугаар сард “S&P Global” агентлаг “В+” буюу “Эерэг” гэж үнэлснээ зарлаж байв.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button