Урлаг

Галд өртсөн уран зургийг AR технологиор сэргээн толилуулж байна

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “AR gallery-Үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Тус галерейн уран зургийн сан хөмрөгөөс 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын дүрслэх урлагийн сор болсон нийт 1000 орчим бүтээл галын аюулд өртсөн юм. Эдгээр бүтээл Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээлүүд байв.

2024 онд “AR gallery-Үнэт бүтээлүүд” төслийг санаачлан олон нийтэд ийнхүү хүргэж байгаа ба тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтай анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой.

Зочид уг үзэсгэлэнгээр зочлохдоо http://onelink.to/3ehntm холбоосоор “AR Mongolia” аппликейшныг татаж, хосгүй үнэт бүтээлүүдийн дэргэдэх виртуал тайлбарлагч руу камерыг нь чиглүүлэн мэдээлэл авах, мөн галын гэмтэлтэй уран зургуудыг эх бүтээлээр нь сэргээн үзэх боломжтой. Эдгээр бүтээл 50-иас дээш хувийн шаталттай буюу сэргээн засварлах боломжгүй гэдгийг тус галерейн сан хөмрөг хариуцагч Б.Мөнгөнчимэг тодотгов.

Уг үзэсгэлэнгийн технологийн хөгжүүлэлт болон контент хөгжүүлэлтийн үйл ажиллагааг технологи хөгжүүлэгч Аргун холдинг компани гүйцэтгэжээ.

Үзэсгэлэнд галын гэмтэлтэй 25 уран зураг, хосгүй үнэт 5 бүтээлийг дэлгэжээ. Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэйгээс гадна Англи, Монгол болон дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тайгаараа онцлогтой. Тухайлбал, Балдуугийн Шарав зураачийн “Ленин” хөрөг, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одонгийн “Ажлын дараа”, Ардын зураач, төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Н.Цүлтэмийн “Талын айл” зэрэг зургийг технологийн тусламжтай сонирхолтой байдлаар үзэх боломжийг үзэгчид олгожээ.  

Холбоотой мэдээнүүд

Back to top button