2025 оноос тэтгэвэр өвлөгдөх хууль үйлчилж эхэлнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр авч байсан ахмад настан нас барсан тохиолдолд тэтгэвэр нь эхнэр эсвэл нөхөрт нь өвлөгдөх зохицуулалтыг анх удаа тусгаж өгчээ. Монгол Улсын хэмжээнд анх удаа гэдэг зохицуулалттай энэ хууль 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс үйлчилж эхэлнэ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн есдүгээр зүйлд, Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт гэсэн заалтаар дараах нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр нь өвлөгдөх аж. Үүнд, гэр бүлээ албан ёсоор батлуулан хамт амьдраад 20 ба түнээс дээш жил амьдарсан бол нас барсан эхнэр эсвэл нөхрийнх нь тэтгэвэр гэр бүлүийнх нь хүнд өвлөгдөнө. Гэхдээ 100 хувь биш. Нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байхаар хуулинд зааж өгчээ.
Тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн хоёр дахь сараас эхлэн олгох аж. Энэ хуулийн 9.1-д заасан нас барсан тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан бол түүний нөхөр, эсхүл эхнэрт олгох тэтгэврийн нэмэгдлийн зардлыг улсын төсвөөс хариуцах юм байна.
Эх сурвалж: CNBC Mongolia