Бизнес

Тайланд улс жолооч нараас “түгжрэлийн хураамж” авч, Бангкокийн замын ачаалал, бохирдлыг бууруулахаар төлөвлөжээ

Тайланд улс нийслэл Бангкок хотынхоо агаарын бохирдол, авто замын түгжрэлийн асуудлыг бууруулахын тулд жолооч нараас “түгжрэлийн хураамж” авдаг болохоор төлөвлөж байна. Ингэснээр тус хот ийм төрлийн бодлогын арга хэмжээ нэвтрүүлсэн Азийн хоёр дахь том хот болох юм.

“Түгжрэлийн хураамж” гэдэг нь хотыг бүсчлэн хувааж, тухайн бүсэд нэвтэрсэн автомашин тутмаас төлбөр авна гэсэн үг юм. Хотын аль хэсгийг төлбөртэй бүс болгож, хэр хэмжээний хураамж тогтоох, мөн хураамж авдаг болсноор эдийн засгийн үр ашиг хэр түвшинд байхыг тус улсын Зам, тээврийн яам одоогоор боловсруулж байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. Түүнчлэн цуглуулсан хураамжийг хотын нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний тасалбарыг тогтсон тарифтай болгох Засгийн газрын төлөвлөгөөнд зарцуулахаа онцолжээ.

2023 онд “TomTom” компанийн гаргасан дэлхийн авто замын түгжрэлийн индексэд Тайландын нийслэл түгжрэлээрээ 46 дугаарт эрэмбэлэгдэж байв. Хотын 10 сая оршин суугч өнгөрсөн онд ойролцоогоор дөрөв хоног, 12 цагийг зам дээр түгжрэн өнгөрөөсөн гэсэн судалгаа байдаг аж.

Түүнчлэн Бангкок хотын агаарын бохирдол ноцтой түвшинд хүрч, сүүлийн хэдэн сарын турш бохирдлын зэрэглэл “эрүүл мэндэд хортой” түвшинд хадгалагдсан байна. Бохирдол нэмэгдсэн нь хувийн тээврийн хэрэгслийн өндөр ашиглалт болон ойролцоох мужуудад тариалангийн талбайн өнжмөл өвс шатааж байгаатай холбоотой гэж үзжээ.

Тайландын эрх баригчид дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бүсчилсэн хураамжийн аргаар оргил цагийн замын ачааллыг дорвитой бууруулж чадсан Лондон, Сингапур, Стокхольм, Милан зэрэг хотын жишгийг дагах болохыг холбогдох яамнаас мэдээлсэн байна. Мөн Бангкокт хэрэгжүүлэх төлөвлөгөөний нарийн мэдээллийг ирэх оноос танилцуулахаар байгааг мэдээлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button