Суултуур дээр 10 минутаас удаан суухын хор уршиг
Ариун цэврийн өрөөнд гар утсаа авч орох, тэндээ суугаад юм үзэх нь хүмүүсийн хувьд энгийн үзэгдэл, ердийн зуршил болсон. Гурван минут бие засах хэрэгцээ 15 минутын мэдээлэл унших, хуудас гүйлгэх, зугаацах цагаар уртассан нь нууц биш. Тэгвэл судлаачид жорлонгийн суултуур дээр удаан суух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул 10 минутаас хэтрэхгүй байхыг анхааруулжээ.
Тухайлбал геморрой (шамбарам) болон аарцгийн булчин сулрах эрсдэл дагуулдаг байж болзошгүйг АНУ-ын бүдүүн гэдэсний мэс засалч, доктор Лай Сюэ дүгнэсэн байна. “Өвчтөнууд надад зовиураа хэлэх үед хамгийн түрүүнд асуух гол зүйл нь бие засахад зарцуулдаг хугацаа болоод байна” гэж тэр ярьжээ.
Хүмүүс суултуур дээр 5-10 минут л суух хэрэгтэй бөгөөд, учир нь суултуур дээр суухад хүний доод биеийн хүндийн төв буйдан дээр сууснаас доор байрлалд байдаг гэнэ. Ингэснээр цусны эргэлт удааширч, доод хэсэгт хурсан цусыг биеийн дээд хэсэг рүү шахахад хэцүү болдог байна. Нэг талаараа энэ байрлал нь биеийн доод хэсэгт цусыг шахахад сайн мэт боловч буцаж дээшлэх боломжийг хаадаг аж. Үүний улмаас хошного, шулуун гэдэсний доод хэсгийг тойрсон судаснууд томрон цусаар дүүрч, геморрой үүсэх эрсдэл бий болдог байна.
Мөн суултуур дээр удаан суух нь аарцгийн булчинг сулруулах эрсдэлтэйг судлаачид анхааруулжээ. Аарцгийн булчин нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй, өтгөнийг жигд гаргахын тулд биеийн бусад хэсгуудтэй холбоотой ажилладаг эд эрхтэн юм. Суултуур дээр удаан суухаас сэргийлэх гол арга нь гар утас, сонин сэтгүүл, ном зэргийг ариун цэврийн өрөөнд авч орохгүй байх хэрэгтэй.
Суултууд дээр удаан суух зуршил цаашдаа хорт хавдрын эрсдэл дагуулж болзошгуйг судлаачид анхааруулжээ. Зөвхөн энэ онд АНУ-д бүдүүн гэдэсний хорт хавдрын 106,590, шулуун гэдэсний хорт хавдрын 46,220 шинэ тохиолдол бүртгэгдэх тооцоо байдаг аж. Хэрвээ гурван долоо хоногоос дээш хугацаагаар өтгөн хатах шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандахыг зөвлөж байна.