Инфляц улсын хэмжээнд сүүлийн 4 сар дараалан эрчимжив
Улсын хэмжээнд инфляц аравдугаар сард долоон хувьтай гарч, өмнөх сараас 0.3 хувиар эрчимжсэнийг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. Инфляц Төв банкны 6+-2 зорилтот интервалд байгаа ч сүүлийн дөрвөн сар дараалан эрчимжиж байна.
Аравдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 7.6 хувиар, үйлчилгээний үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.
Инфляц долоон хувьтай гарсны 2.3 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Инфляц өмнөх сараас 0.3 хувиар эрчимжихэд орон сууц, ус, цахилгаан болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнээр оны эцэст инфляц бага зэрэг эрчимжиж, цаашлаад ирэх онд Төв банкны зорилтын дээд интервалд хэлбэлзэх төлөвтэй байгааг Монголбанк мэдээлж байсан юм.
Төсвийн зардлын өсөлт, дотоод эрэлт нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас олон улсын байгууллагууд Монгол Улсын инфляцын төсөөллийг нэмэгдүүлээд байна. Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийн тайланд инфляц 2024 оны сүүлийн хагаст үргэлжлэн эрчимжиж, 2026 он хүртэл зорилтот түвшнээс дээгүүр байх төлөвтэйг онцолж байв.
Төсвийн алдагдлыг бууруулаагүй нөхцөлд инфляц өсөх магадлалтай тул инфляц зорилтот интервалд тогтворжих нь илүү тодорхой болох хүртэл бодлогын хүүг өндөр түвшинд хадгалахыг Монголбанканд зөвлөсөн юм.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia