Бизнес

Tesla компанийн хувьцаа 15 хувиар өслөө

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа “Tesla” компанийн нэгж хувьцааны ханш 15 хувиар өсөж, 286.59 ам.доллар хүрсэн нь 2023 оны долоодугаар сараас хойших дээд үзүүлэлт болоод байна.

Илон Маск Дональд Трампын сонгуулийн компанит ажилд 130 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулснаас гадна өөрийн сошиал сувгуудаар тасралтгүй дэмжиж байсан юм.

Харин Дональд Трамп түүний хичээл зүтгэлийг үнэлэн Засгийн газартаа цоо шинэ албан тушаал бий болгож, Цагаан ордонд оруулахаар болсон байна. Дональд Трамп ялалтаа зарлаж хийсэн мэдэгдэлдээ Илон Маскийг шинэ албан тушаалд томилох тухайгаа онцолсон юм. Тэрбээр өмнө нь ч сонгуульд ялсан тохиолдолд Илон Маскийг Цагаан ордны ямар нэгэн албан тушаалд томилоход бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Дональд Трамп Илон Маскийг “Тэр бол маш ухаалаг хүн, хэрэв өөрөө зөвшөөрвөл би түүнийг томилно. Гайхалтай мундаг залуу” гэж тодорхойлсон бол Илон Маск “Х” нийгмийн сүлжээн дэх хуудсандаа “Би хүчин зүтгэхэд бэлэн байна” гэж бичээд хиймэл оюун ухааныг ашиглан “Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах департамент” гэсэн бичигтэй индрийн ард өөрийгөө зогсож байгаагаар дүрсэлсэн зургийг нийтэлж байсан юм.

Эх Сурвалж: Bloomberg TV Mongolia

Холбоотой мэдээнүүд

Back to top button