Засгийн газар технологийн хөгжлийн шилжилт хийхэд “Huawei” компанитай хамтран ажиллана
“Huawei” компани 2006 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ технологийн судалгаа, хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй технологийн шилжилтүүдийг хийхэд БНХАУ-ын “Huawei” компанитай хамтран ажиллахаар болсон байна. Засгийн газар хиймэл оюунд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, ногоон хөгжлийн болон хүний нөөцийн шилжилт, орчин үеийн техник, технологийг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болоод байгаа юм.
Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei”-ийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хот бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах юм байна. Энэ хүрээнд 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, “Smart Traffic”, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулсныг онцлов.
БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийхээс гадна Шанхай хот, Жөжян мужийн удирдлагатай уулзана.
Эх сурвалж : BloombergTV Mongolia