3 тэрбум жилийн өмнө унасан солир амьдралыг бий болгосон уу?
Цэрдийн галавын төгсгөлд буюу 66 сая жилийн өмнө дэлхийд унаж, үлэг гүрвэлүүд болон бусад олон амьтныг сүйрүүлсэн гэх солир хамгийн том нь биш байж. Тодруулбал үүнээс 200 дахин том хэмжээтэй аварга солир гурван тэрбум жилийн өмнө унасан нь дэлхий дээрх амьдралын эхлэлийг тавьсан хэмээн харвардын эрдэмтэд тогтоожээ.
Гурав гаруй тэрбум жилийн өмнө дэлхий огт өөр газар байсан бөгөөд солирын цохилт олон давтамжтай ирдэг байжээ. Тухайн үед манай дэлхий галт уул, чулуу хязгаарлагдмал, гол төлөв усан ертөнц байсан хэмээн Харвардын геологич Эндрю Нолл тайлбарлав. Дэлхийд унасан тус аварга солир нь нүүрстөрөгчөөр баялаг бөгөөд фосфор агуулсан нүүрстөрөгчийн хондритын төрөл байсан аж. Ийм төрлийн солир асар хүчтэй дэлхийд унаж, удамшлын мэдээллийг хадгалах, дамжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг молекулуудад хэрэгтэй шим тэжээл болох фосфорыг их хэмжээгээр тараасан байна. Мөн солир унахад том хэмжээний цунами үүссэн нь далайн гүн дэх төмрөөр баялаг ус гүехэн устай холилдож, олон төрлийн бичил организмууд үүсэхэд тохиромжтой орчин бүрдүүлсэн гэж тайлбарлажээ.