Томас Тухель Английн шигшээ багийг удирдахаар боллоо
Английн хөлбөмбөгийн холбоо эрсээр эрсээр хайсан хүнээ олсон бололтой. Герман мэргэжилтэн Томас Тухель 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Английн шигшээ багийг удирдахаар болжээ. Өдгөө тус шигшээг Лий Карсли түр удирдаж байгаа бөгөөд түүнд ахлах дасгалжуулагч болох сонирхол байхгүй гэсэн юм.
Английн шигшээ багийн хуучин ахлах дасгалжуулагч Гарет Саутгейтын тухайд найман жил “Гурван арслангууд”-ын жолоог атгаж, итгэл найдвар төрүүлсэн он жилүүдийг өнгөрүүлсэн ч цом хүртэж чадаагүй юм. Улмаар энэ жил Еврогийн финалд хожигдсоныхоо дараа ажлаа өгч буйгаа зарласан түүхтэй.
Тэгвэл Томас Тухель Английн шигшээг удирдах тохиромжтой хүн мөн үү? Түүний хувьд клубын түвшинд баг дасгалжуулахдаа нийт тоглолтынхоо 57 хувьд нь хожиж, 20 хувьд нь тэнцэж, 23 хувьд нь хожигджээ. Мөн Английн Премьер лигт Челсиг удирдаж, УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн амжилттай. Гэхдээ шигшээ багийн хөлбөмбөг клубээс тэс ондоо гэдгийг дурдах хэрэгтэй.
Өмнө нь Английн шигшээ багийг гадаад дасгалжуулагч нар удирдаж байсан ч амжилтад хүрч байсан түүх үгүй. Горан Эрикссон, Фабио Капелло нарын эрин үед Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн одод байсан ч том тэмцээний шийдвэрлэх тоглолтод азгүйтсээр ирсэн. Харин англи мэргэжилтэн Гарет Саутгейтын эринд хоёр ч Еврогийн финалд шалгарсан. Харамсалтай нь цомгүй.
Томас Тухелиэс гадна Грам Поттер, Эдди Хөви зэрэг англи дасгалжуулагчдын нэрс яригдаж байсан юм. Мөн Манчестер Ситигийн менежер Пеп Гвардиола болон Ливерпүүлийн дасгалжуулагч асан Юрген Клопп нар тоочиглож байсан гэнэ.
Томас Тухель ч англи хөлбөмбөгчдөд дуртай. Челсид 20 сарыг өнгөрүүлэхдээ Премьер лигийн хүчтэй өрсөлдөгч болгож, УЕФА Аваргуудын лигт Европын томчуудыг ээлж дараалан ялсаар түрүүлсэн. Байерн Мюнхенд очсон хойно ч Харри Кэйн, Эрик Дайер зэрэг англичуудыг багтаа авчирсан билээ.