Спорт
О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ЦОМЫН ФИНАЛЫН ТЭМЦЭЭНД ЗУРГААДУГААР БАЙРТ ОРЛОО
Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болж байна. Тэмцээнд манай улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөхөд финалын шатанд 418.1 оноогоор зургаадугаар байрт орлоо.
Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг юм.
Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв.