"AI-ийн загалмайлсан эцэг" Жеффри Хинтон Нобелийн шагнал хүртлээ
Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ.
Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Machine learning” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо.
Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Тэрбээр 2023 онд Google-ээс гарч, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт оруулах тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байв.
Энэ тухай Шведийн Хааны Шинжлэх ухааны академиас Шведийн Стокгольм хотноо болсон хэвлэлийн бага хурлаар мэдэгдэв. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм.
“Machine learning” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар. Ингэхдээ интернетээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн.
Канадын профессор Жеффри Хинтон Нобелийн шагнал авч байгаагаа мэдээд “Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Нобелийн шагнал авах болсноо гайхаж байна” гэжээ.
Нобелийн шагналын мэдэгдэлд дээрх хоёр эрдэмтний “Цаг уурын загварчлалыг сайжруулах”, “Нарны эсийг хөгжүүлэх”, “Эмнэлгийн зургийн дүн шинжилгээ” зэрэг судалгаа, ажлын зарим чухал хэрэглээг жагсаав. Профессор Хинтоны “Мэдрэлийн сүлжээ дэх анхдагч судалгаа” нь ChatGPT гэх мэт одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон. Хиймэл оюун ухаан дахь мэдрэлийн сүлжээ нь хүний тархитай ижил төстэй мэдээллийг сурч, боловсруулах систем юм.
Эдгээр нь хиймэл оюун ухаанд хүн төрөлхтний туршлагаас суралцах боломжийг олгодог. Профессор Хинтоны хиймэл мэдрэлийн сүлжээн дээр хийсэн ажил нь хувьсгал байсан. “Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалтай адил байх болно. Гэхдээ бидний бие махбодын чадвараас илүү оюуны чадавхыг давах болно” гэж тэрбээр онцлов.
Профессор Жон Хопфилд хэв маягийг хадгалж, дахин бүтээх боломжтой сүлжээг зохион бүтээжээ. Энэ нь атомын эргэлтээс үүдэлтэй материалын шинж чанарыг тодорхойлдог физикийг ашигладаг. Тодруулбал, бүрэн бус үгсийг ашиглан тархи үгсийг хэрхэн санахыг оролддогтой ижил төстэй арга замаар профессор Хопфилд бүрэн бус хэв маягийг ашиглан ижил төстэй зүйлийг олох боломжтой сүлжээг бүтээжээ.
Нобелийн шагналын хорооныхон хэлэхдээ “Хоёр эрдэмтний ажил нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Тэр дундаа нүүр царай таних, хэлний орчуулгыг түгээмэл ашиглаж байна” гэдгийг онцлов. Эрдэмтэд 11 сая швед крон буюу 810 000 фунт стерлингийн шагнал авна.