Урлаг

Ж.Верди “Риголетто” дуурь дахин тайзнаа

Манай улсад анх 1987 онд тавигдаж байсан Ж.Верди “Риголетто” дуурь  10-р сарын 12, 13-ны өдрүүдэд дахин тайзнаа тавигдах гэж байна. 

УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээлийг найруулагч Ё.Цэрэндолгор анх тавьсан бөгөөд ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх ажиллажээ. 

Ж.Верди 1850 онд Венецийн “Ла Фениче” театраас тавьсан саналын дагуу 3 үзэгдэлт “Риголетто” дууриа анх бүтээжээ. Цомнолыг Виктор Хюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэн Ф.М.Пиаве бичсэн байна.

Дуурийн үйл явдал XVI зууны Италийн Мантуа хотод өрнөнө. Ордны алиа салбадай Риголетто болох эцгийнхээ хар бараан амьдралыг үл мэдэх түүний үзэсгэлэнт охин Жильдагийн тухай дуурьт гарна. Мантуагийн хүүхэмсэг гүн Герцог Жильдаг хуурч мэхэлснийг мэдсэн Риголетто түүнээс өшөөгөө авахыг эрмэлзэнэ.

“Риголетто” дуурь нь хайр дурлал, өшөө хонзон, хараалд өртсөн Риголетто бөгтөр өвгөний тухай түүхийг өгүүлдэг юм. Түүний охин Жильда өөрийн хайртай залуу Гүнг аврахын тулд өөрийгөө золиосолдог бөгөөд , Риголетто Гүнг алуулахыг оролдсон боловч, санамсаргүйгээр өөрийн охин Жильдаг үхэлд хүргэсэн болохыг олж мэдсэнээр эмгэнэлт түүх төгсөнө.

Холбоотой мэдээнүүд

Back to top button