Энэ зун илүү халах төлөвтэй байна
Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүний оролцоотой хүлэмжийн хийн ялгарал ихсэж уур амьсгалын өөрчлөлт богино хугацаанд эрчимжсэн. 2023 онд цаг агаарын дундаж хэм үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48 С температурт хүрч түүхэн дэх хамгийн халуун жил тохиосныг Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба тогтоожээ.
Дэлхийн дулаарлаас үүдэлтэй дулааны 90 гаруй хувь нь далайд хуримтлагддаг учир далайн температур нь уур амьсгалын өөрчлөлтийн тод үзүүлэлт болж чаддаг. 2023 онд туйлын бүс нутаг дахь далайн мөсний хэмжээ түүхэн дэх хамгийн бага хэмжээ байв.
Мөн 2023 онд дэлхийн дулаарлын нөлөөгөөр хэд хэдэн улсад байгалийн гамшигт үзэгдэл болсон.
НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал” (Conference of Parties) 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж, тодорхой асуудлуудад шийдэл эрэлхийлсээр ирсэний нэг нь 2015 онд Парис хотноо болсон COP21-ээр дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт юм. Энэ босгоос хэтэрвэл хүн төрөлхтөнд асар их аюул учрах эрсдэлтэй гэж үздэг.
Гэвч энэ жил дэлхийн дундаж хэм үйлдвэржилтийн үеэс 1.5оС температураар нэмэгдэж илүү халах төлөвтэй ба яаралтай арга хэмжээ авахгүй бол уур амьсгалын өөрчлөлтийг тогтоож чадахгүйд хүрнэ хэмээн цаг уурчид анхааруулж байна.