Монгол Улс өнгөрөгч 2023 онд дэлхийн 163 улс оронтой худалдаа хийж, нийт худалдааны эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрснээс 15.1 тэрбум ам.долларыг экспорт, 9.2 тэрбум ам.долларыг импорт бүрдүүлж байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад экспорт 21.9 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар, импорт 6.3 хувь буюу 54.1 тэрбум ам.доллараар өссөн болохыг ҮСХ-оос мэдэгдсэн.
Харин нийт экспортын 92 хувийг уул уурхайн, 6 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Үүнийхээ 91 хувийг өмнөд хөрш БНХАУ-д, дөрвөн хувийг Швейцарь гэх хоёр улсад нийлүүлсэн нь эдийн засгийн хараат байдлыг нотолно. Гэхдээ Швейцарь улсад экспортлосон нийт бүтээгдэхүүний 99.5 хувийг зөвхөн алт бүрдүүлж байгаа нь хэмжээ болон нэр төрлийн хувьд хэт давчуу байна. Тэдэнд экспортолдог гол бүтээгдэхүүн алтны хэмжээг өмнөх оны нь хэмжээтэй харьцуулахад 35 хувиар буурч 389 сая ам.долларт хүрсэн дүнтэй гарчээ.
МОНГОЛ УЛС НИЙТ ЭКСПОРТЫНХОО 95 ХУВИЙГ ХОЁРХОН УЛСАД НИЙЛҮҮЛДЭГ.
Хэдийгээр бидний алтны экспортын хэмжээ буурсан ч газрын тос зэрэг бусад бүтээгдэхүүний хэмжээ өссөн нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад чухал нөлөө үзүүлсэн. Сүүлийн арав гаран жилийн туршид үзэгдээгүй, гадаад худалдааны тэнцэл нэмэх дүнтэй гарахад коксжуулсан нүүрс хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Хятад улсад нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээ өмнөх оны борлуулалтаас 38 сая тонноор өсч, 70 сая тоннд хүрсэн бол орлого 2.4 тэрбум ам.доллараар өсчээ. Харин зэсийн баяжмалын экспорт өмнөх оныхоос 17 хувийн, жоншны хүдэр, баяжмалын экспортын хэмжээ огцом өсч 2.5 дахин буюу 700 мянган тонноор өсч 162 сая ам.доллараар худалдаалагджээ.
Бидний гадаад худалдаа эерэг гарах нь сайн үзүүлэлт мөн боловчиг бид нийт экспортын 90 гаран хувийг зөвхөн өмнөд хөрш улсад нийлүүлж буй нь эдийн засгийн байдал нүүрс гэх ганцхан бүтээгдэхүүнээс бүрэн хараат болон хувирч, түүний солонгоруулсан байдал бүрэн алдагдаж байгаа өндөр эрсдэл дагуулж байна.
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦИЙН 0.2 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ.
Дэлхийн нийт нүүрсний нөөцийн 13 хувийг эзэмшдэг тэд нийт хэрэгцээнийхээ 94 хувийг дотоодын зах зээлээс бүрдүүлдэг. Харин үлдсэн зургаахан хувийг Монгол, Индонез, Австрали, ОХУ-аас нийлүүлдэг. Зөвхөн эдгээр тооноос харахад тэд нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой болохыг харж болно. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд коксжуулсан нүүрсний үүрэг маш том үүрэг хүлээдэг ч экспортын хэмжээг тэдний хэрэглээтэй харьцуулахад маш бага дүнтэй гардаг.
Ойрын жилүүдэд Хятад улс биднээс худалдан авах бүтээгдэхүүнүүдийн хэмжээ нэмэгдсэн ч дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Үүнээс гадна тэдний эдийн засаг урт хугацаанд дефляцийн түвшинд оршиж байгаа ч зах зээл дэх төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдийн эрэлт тогтмол өндөр байгаа нь бидэнд эерэгээр нөлөөлж байна. Өнгөрөгч сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.8 хувь, үйлдвэрлэгчийн үнийн индекс 2.5 хувиар буурч сүүлийн 16 сарын туршид дефляцийн байдал үргэлжиллээ. Гэхдээ тэд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол иргэдийн худалдан авалтын уналт үргэлжилж, улмаар бизнесийн салбарт нөлөөлж эхэлсэн тохиолдолд Монгол, Мьянмар, Индонез зэрэг улсуудад сөрөг нөлөөгөө шууд үзүүлэхийг Дэлхийн банкны зүгээс анхааруулсан.
БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГТ 16 САРЫН ТУРШИД ДЕФЛЯЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Мөн ойрын хугацаанд зарим жижиг уурхайгаа хааж, томоохон нүүрсний ордоо түлхүү хэрэглэхээр зорьж буй өмнөд хөрш нүүрсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой. Нүүрсний импортын оргил үзүүлэлт ганцхан жилийн дараа, 2025 онд тохиож үүнээс цааш тогтмол буурна хэмээн судлаачид үзэж байна. Хэрэв тэд дотоодын нөхцөл байдалтай холбогдуулан нүүрсний импортын хэмжээг танах шийдвэр гаргаваас экспортын хэт өндөр дүн тавьсан, эдийн засгаа солонгоруулаагүй бид маш том хүндрэлтэй тулгарах юм.