Бизнес

Чуулганы сүүлийн өдөр УИХ-ын дарга захиас өгөв

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗГ-аас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.    

Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар 2023 оны хавар ЗГ-аас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжиж өгөхийг уриалж байлаа.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг хойшлуулах талаар олон мянган иргэдийн гарын үсэг бүхий хүсэлт, 156 албан бичиг УИХ-д ирсэн. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас ард иргэд эсэргүүцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гээд эрхэм гишүүдийг үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд өргөсөн тангаргаа дээдэлж ажиллахыг уриалсан юм.

Үүний дараа чуулганаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны дарга Г.тэмүүлэн танилцуулж, улмаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Намрын чуулганыг хааж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа. Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган байв. УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажилласан. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, ЗГ-ын ажиллах таатай боломж, нөхцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн, таатай үр дүн олон байгаа ч анхаарах ёстой зарим асуудал бий. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг УИХ-д тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ… 

Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр, засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хөрсөнд буулгах маш чухал сонгуулийн жил эхэлж байна. Нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай гэж УИХ-ын гишүүдэд захилаа. Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өндөрлөсөн юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button