“Канвон 2024”-д Монгол Улс хамгийн олон тамирчнаа сорино
Дэлхийн залуучуудын хамгийн өргөн цар хүрээг хамарсан спортын арга хэмжээ болох Залуучуудын өвлийн IV олимпийн наадам галт бамбараа асаахад хоёрхон хоног үлдлээ. БНСУ-ын Канвон мужид 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд үргэлжлэх “Канвон-2024” цагаан наадамд дэлхийн 79 улс орны 15-18 насны 1,900 тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
“Канвон-2024” олимпийн наадмын бэлгэдлээр “Пёнчан-2018” өвлийн олимпийн бэлгэдэл сахиус Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон цасан бөмбөлөг Moongcho сонгогдсон билээ. Оюун бодол, хүч чадлыг нэгтгэнэ гэх утга бүхий Moongchida ханзнаас үүсэлтэй цасны шил, улаан ороолт зүүсэн уг бэлгэдэл нь тамирчдын ур чадварыг өөртөө шингээж оролцогч найз нартаа туслахад үргэлж бэлэн байдаг болохыг тайлбарласан.
Нээлтийн ёслол нэгдүгээр сарын 19-нд “Gangneung Oval”, “PyeongChang Dome” цэнгэлдэх хүрээлэнд нэгэн зэрэг болно. “Gangneung Oval”-д болох нээлтийн ёслолын тасалбарын үнэ 30-100 мянган воны /22-74 ам.доллар/ хооронд худалдаалагдах бол “Pyeong Chang Dome” руу үзэгчид үнэ төлбөргүй нэвтэрч цахим платформ эсвэл касснаас тасалбар авах юм.
Манай улсаас энэ удаагийн залуучуудын өвлийн олимпийн наадамд хамгийн олон буюу 12 тамирчин оролцох эрхээ авч, бэлтгэлээ базаасан. Тодруулбал, цанын спортын төрөлд Н.Нандинцэцэг, Ж.Уянга, Т.Өсөх-ирээдүй, А.Хүслэн нар эрэгтэйчүүдийн 10 км, эмэгтэйчүүдийн таван км зайд болон 4х3 холимог буухиа төрөлд хурд, хүчээ сорино. Биатлоны төрөлд Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Б.Сүхбат, Д.Нямсүрэн Х.Эрдэнэтунгалаг, О.Оюунцолмон нар хурд хүч, цэц мэргэнээ сорьж оролцоно.
Харин уулын цанын төрөлд монголчууд анх удаа өвлийн олимпт оролцохоор болсон. Тодруулбал, жиант слалом болон слалом төрөлд М.Манлайжав, Х.Халиун нар эх орноо төлөөлөх эрхийг авчээ.