Бизнес

Ж.Ганбат: Өнгөрсөн оны ногдол ашиг тараах эсэхийг хавар шийднэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Хэлэлцүүлгийн өмнө зарим гишүүн цагаан сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэдэд 450-500 мянган төгрөгийн ногдол ашгийг тараах боломжтой хэмээн мэдэгдэх болсон. 

Байнгын хорооны хуралдааны үеэр  “Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат, “Хоёрдугаар сарын 10-нд тайлан гарна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.  Удахгүй жилийн эцсийн тайлан болон аудитын дүгнэлт гарахаар цэвэр ашиг, ногдол ашгийн хэмжээ тодорхой болно. Ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. 

Ер нь бол төрийн ч бай хувийн ч бай хувьцаат компаниуд ашигтай ажилласан бол ногдол ашиг тараадаг. Ямар нэгэн улс төрийн зорилгоор тараах гэж байгаа юм биш. Цаашдаа ногдол ашиг өгдөг байдал руу шилжье гэж зорьж байна. 

Харин УИХ-ын гишүүдийн хувьд ямар тоон дээр үндэслэж иргэдэд 500 орчим мянган төгрөг тараана гэснийг мэдэхгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны тооцооллоор 120 орчим мянган төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах боломж бий.  Эцийн тооцлол удахгүй тодорхой болно. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоох үед 4.6 их наяд төгрөгийн өртэй байсан бол одоо 2 их наяд гаруй төгрөгийн өртэй байна. Одоогоор 2023 оны тайлан тооцоо гараагүй учир 2022 оны ашгаас ногдол ашиг олгох асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ. Харин 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараах асуудал хавраас яригдана” гэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button