МИК ам.долларын бондод солилцох санал гаргалаа
Монголын Ипотекийн Корпораци ОССК (МИК) ХХК нь олон улсын хөрөнгийн зах зээлээс 2021 онд татсан 8.85 хувийн купонтой ам.долларын бондод солилцох санал “Exchange offer” зарлалаа. Өөрөөр хэлбэл, 2024 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах бонд эзэмшигчдэд одоо эзэмшиж буй бондоо компанийн зүгээс гаргах шинэ бондоор солих санал хүргүүлжээ. МИК-ийн зүгээс шинэ бондоор солиход хоёр төрлийн нөхцөл санал болгож байна. Үүнд:
- Одоо бонд эзэмшиж буй 1000 ам.долларын бондын нэрлэсэн үнэ тутам 1050 ам.долларын шинэ бонд эзэмших;
- Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 1000 ам.долларын бондын 700 ам.долларыг шинэ бондоор солих, 300 ам.долларыг бэлнээр төлөх, нэмэлтээр солилцооны төлбөрт 40 ам.доллар төлөх;
МИК 2021 онд олон улсад амжилттай арилжсан 250 сая ам.долларын бондын ихэнх хэсгийг Ази, Европын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд оролцох саналыг Лондоны цагаар 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авна.
Энэ удаагийн бондын хэлцэлд “Deutsche Bank”, “Korea Investment & Securities Asia Limited”, “Morrow Sodali Limited” гэсэн олон улсын хөрөнгийн зах зээлийн зөвлөх компаниуд болон “TDB Securities SC” дотоодын зөвлөх компаниар хамтран ажиллаж байна.
МИК нь анх 2019 онд 300 сая ам долларын бонд, 2021 онд 250 сая ам.долларын бондыг тус тус олон улсын хөрөнгийн зах зээлээс Засгийн газрын баталгаагүй амжилттай татжээ. Олон улсын зах зээлээс хөрөнгө татах, хөрөнгө оруулагчдын үнэлэмжид нийцэх шаардлагын хүрээнд МИК нь олон улсын үнэлгээний “Moody’s” ба “S&P” агентлагуудаар зээлжих зэрэглэлээ тогтмол тогтоолгон, санхүүгийн тайлангаа “Эрнст энд Янг” ХХК-иар хөндлөнгийн аудит хийлгэдэг аж.