Х.Амартүвшин: Хуулинд дөрвөн татварын хэмжээг тогтвортой байлгахыг тусгасан
Анх өргөн барихтайгаа зэрэгцэн нийтийг талцуулаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Нүүрсний сонсголд хоёр удаа дуудагдаад мэдүүлэг өгөөгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Төрийн ордонд ирж хуулийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Харин үүний дараахан хуулийг өргөн барьсан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариу тайлбар хийснийг бид хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхимаас тайлбар мэдээлэл өглөө.
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Х.Амартүвшин:
Энэ хуулийг олон удаа хэлэлцэж байна. МҮХАҮТ-аас 60 гаруй санал хүргүүлсэн нь хуулинд тусгагдсан. Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн чухал эхний алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах. Хөрөнгө оруулалтын тухaй хууль бол монголд хөрөнгө оруулагчдад өгөх томоохон дохио болох учир энэ хуулийн төсөлд хуумгай хандаж болохгүй. Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт төрийн захиргааны төв байгууллагаас гадна төрийн бусад байгууллага, орон нутгийн байгууллага тус бүр ямар түвшинд оролцох тухай заалтуудыг оруулж өгсөн нь сайшаалтай.
Гадны хөрөнгө оруулагч нар хууль тодорхой бус учир хөрөнгө оруулалт хийхээс татгалздаг. Харин хуулийн тавдугаар бүлэгт гадны хөрөнгө оруулалтуудын татварын хэм хэмжээ, шимтгэл, маргааныг хэрхэн шийдвэрлэхийг оруулж өгсөн. Маргаан гарлаа гэхэд шүүх явцыг хэт удаашруулдаг бол одоо шинэчилэх хуульд маргаан, гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулах талаар тусгасан нь бизнесийн зардал, хугацааг хэмнэх боломжийг нээж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай дөрвөн том хэрэг олон улсын шүүхэд очсоноос нэг нь хөрөнгө оруулагч талд шийдэгдэж, Монгол Улс хохирлыг нь барагдуулах болсон. Ингэж нэг хэрэг нь хэлэлцээр хийхээр тохиролцсон бол хоёр нь одоогоор шийдвэрлэгдээгүй байна.
Хуулийн төсөлд урамшуулал гэж байхгүй. Харин хуулинд “одоо байгаа дөрвөн татварын орчныг тогтвортой байлгана” гэсэн заалт урамшуулал болох юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх нь бол зүйтэй. Хуулийн төслийг буцаах нь хөрөнгө оруулагчдад буруу дохио өгөх болно.
Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт:
Монгол Улс хөрөнгө оруулалтын тухай хуулийг гурван жилийн туршид хэлэлцэж байгааг сануулъя. Бидний зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг энэ хуулиар шийдвэрлэх болов уу гэж харж байна. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа байдал нь бусад улстай харьцуулахад олон улсын статистикаас нэлээн хойгуур жагсдаг.
Хууль батлагдсанаар эдийн засгийн төрөлжилт идэвхжиж, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломж нээгдэнэ гэж харж байна. Ойрын хугацаанд хуульд дахин гар хүрэлгүй тогтвортой үйл ажиллагаа, байдал бий болсон эрх зүйн орчин бий болох байх гэж найдаж байна.
Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл бол тогтвортой байдал. Бидний хувьд валютын ханш, хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал. Ялангуяа томоохон улс төрийн намууд хөрөнгө оруулалтын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь чухал. Ер нь энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал биш. Хөрөнгө оруулалттай холбоотой ажилладаг бүхий л байгууллагын асуудлыг хөндөж байгаа учир төлөөллүүд нь энд сууж байна.
Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс:
Бид хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцож, хоёр жилийн хугацаанд 120 саналыг хүргүүлж, хоёр гурван заалтыг хэлсэн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байх ёстой. Энэ зөвлөлийн үйл ажиллагаа явахгүй байгаа, хуульчлах шаардлагатай гэдэг саналыг хэлж, оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын 100 мянган ам.долларын босгын асуудлыг хөндсөн.
Олон улсын жишгээр хөгжиж байгаа улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн босгыг тавьдаггүй. Иймээс босго дүнг тавихгүй байх тухай саналыг оруулж хуульд тусгасан.
Тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлбэл гааль, НӨАТ-аас чөлөөлдөггүй нь хөрөнгө оруулалтыг бууруулж байгааг сануулсан. Үүнийг бодлого тодорхойлогчдын зүгээс татварын хуулийг шинэчлэхдээ тусгана гэх хариу өгсөн. Хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахтай холбоотой заалтыг улс төржүүлж, гадаадын иргэн 100 жилээр газар эзэмшинэ гэх асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр шинэ технолгои нэвтэрч, ажлын байр бий болно.
Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг:
Өрсөлдөх чадвартай улсад гадны хөрөнгө оруулалт орж ирдэг. Гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд дэлхийн улс орнуудын жишгийг судлаж орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Нэг талаасаа татвар маш чухал. Гэхдээ хуульд ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх, бизнес эрхлэхэд өрсөлдөх чадвартай байх, оршин суух орчин улс орон нь таатай байх зэрэг асуудлыг цогцоор нь харж үзэх шаардлагатай. Хууль батлагдсаны дараа дэлхийн эдийн засгийн форумд монголын төлөөлөл оролцох хэрэгтэй. Монголын эдийн засгийн форум 2024 оны долдугаар сарын 8, 9-нд болно. Энд гадаадын хөрөнгө оруулагчдыг дуудаж, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярилцана.
Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул