Life

П.Галиндэв: Газраа урамшуулалд өгчихдөг нэг ч гаднын улс орон байхгүй

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн оны зургаадугаар сард хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Тухайн хуулиас гадны хөрөнгө оруулагчдад тавигддаг нэг зуун мянган ам.долларын босго дүнг хассан нь Үндсэн хуулийг зөрчиж буй талаар мэдэгдэж, Үндсэн хуулийн цэцэд хандсанаар хууль санаачлагч хуулиа эргүүлэн татаж байсан. Харин УИХ-д тус хуулийг дахин өргөн барьсантай холбогдуулан АН-ын бүлгээс мэдэгдэл хийлээ. 

АН-ын Дэд дарга П.Галиндэв “Өнөөдөр нийгэм даяараа гаднын хөрөнгө оруулагчийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүрийн эрх ашгийг зөрчсөн хууль болж байна. Гэтэл УИХ-аар дахин хэлэлцэгдэх гэж байна.

Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын аж ахуй нэгж зуун мянган доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч болох тухай заасан байдаг. Харин Ч.Хүрэлбаатарын энэ хуулийн төсөлд зуун мянган ам.доллар гэдэг босгыг авч хаясан өөрөөр хэлбэл зуун төгрөг байхад л гаднын хөрөнгө оруулагч статустай болох боломж бүрдэж байна.

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир “Гаднын хөрөнгө оруулалт татах бол тэдэнд зориулж мэргэшсэн шүүх тогтолцоо гаргая, эрхийг нь харилцан хамгаалъя гэсэн хууль байх ёстой. Яг өнөөдрийн энэ хуулиар гадны хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа орж ирэх боломжгүй. Эсрэгээрээ энэ хууль хулгайн хууль болж байна. Газраа урамшуулалд өгчихдөг нэг ч гаднын улс орон байхгүй. Газар өгөөд хөрөнгө оруулалт авчирдаг биш хууль эрх зүйн таатай орчноор татдаг байх ёстой.

Манай улсын гадаад өр 33.8 тэрбум долларт хүрлээ. Энэ бүх өрөндөө ашигт малтмалын ордууд, дархан цаазат газрууд, дараа нь бэлчээрээ өгч дусах уу. Тийм ч учраас энэ хуульд ухаалаг хандах хэрэгтэй. Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг “Хөрөнгө оруулалтын тухай хууль бол гаднынхныг суурьшуулах хууль болсон байна. Монгол Улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдах эрсдэл бий болно. 

Ямар хэмжээний хөрөнгө оруулж ирэх нь тодорхой заагдаж байж хөрөнгө оруулагч байх ёстой. Хувьцаа эзэмшигч гэдэг нэр аваад л Монгол Улсын оршигч суугч болох хууль бий боллоо. Монгол Улсын газраар урамшуулал олгоно гэдэг бол хууль бус үйлдэл.

Харин энэхүү мэдэгдлийн дараа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө. Тэрбээр, “Би АН-ыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж боддог. Өнөөдөр АН-ын хүмүүсийг хараад үнэхээр харамсаж байна. Энэ Монгол Улсын хөрөнгө оруулалтууд төрийн хөрөнгө оруулалт биш харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад орох ёстой. Монгол Улс бол ардчилсан улс.  Хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг дэмжих санаачлагуудыг дэмжих ёстой. 

Хөрөнгө оруулалтыг хааж, боож байж Монгол Улс хөгжихгүй.  Эдийн засгийн гол өсөлт уул уурхай, тээврийн салбарт явагдаж, бусад салбарт өсөлт харагдахгүй байгаа учир эдийн засгийн өсөлт өрхүүдэд ороход удаан байна. Над руу чиглэсэн гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. Өмнө нь Х.Баттулгаас 7-н удаа хориг авч байсан. Одоо найм дахь хориг нь ирж байх шиг байна” гэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button