Монгол Улс “Өвлийн Давос”-т 20 жилийн дараа оролцох болов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох ажээ. “Өвлийн Давос” хэмээх энэхүү арга хэмжээнд манай улс 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцохоор болж буй нь энэ юм.
Тэрээр тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур зэрэг улсын ерөнхийлөгч нарт бараалхаж мөн Бүгд Найрамдах Солонгос Улс болон Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганы үеэр сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох болсноо мэдэгдсэн байна.