Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэгчийг торгоно
Цахим орчинд “Зөвшөөрөлгүй таксины үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд хувь хүнийг 5, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно” гэх мэдээлэл цацагдаж, иргэдийг хоёр талцуулсаад байгаа билээ. Тэгвэл нэг хэсэг нь шийдвэрийг даган таксины үйлчилгээ сайжирч, стандарт мөрдөх болно гэсэн бол нөгөө хэсэг нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй энэ үед иргэд илүү удаан хүлээхээс гадна “халтуур” хийж амьдрал залгуулдаг иргэд хүндхэн байдалд орно гэдгийг санууллаа.
Энэхүү талцалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Монгол Улсын Зөрчлийн, Авто тээврийн, тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж таксины үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл өгөх өөрчлөлт оруулсан. Уг зохицуулалт ирэх аравдугаар сарын 15-наас мөрдөгдөх аж.
Таксины үйлчилгээ эрхлэх эрхийг авахын тулд холбогдох хуулиудад заасан шаардлагыг биелүүлж, 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө. Зөвхөн зөвшөөрөлтэй таксийг үйлчилгээнд явуулна. Зөвшөөрөлгүй үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг 5, хуулийн этгээдийг 50 хүртэлх сая төгрөгөөр торгох заалтыг Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулсан” хэмээн мэдэгдлээ.