Life

Нийгмийн даатгалын шинэчилсэн хуулиас онцлох заалтууд

МУ-ын “Нийгмийн даатгалын багц хууль”-ийг УИХ-аас шинэчлэн баталж, энэ оны эхнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан НДЕГ-аас сургалт-мэдээлэл зохион байгууллаа. Нийгмийн даатгалын тухай хуулийг анх 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр мөрдөх болсноос хойш 30 гаруй удаа шинэчлэгдэн батлагдсан билээ. Энэ удаагийн шинэчилсэн хуулийн онцлох заалтуудыг танд хүргэе.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

  • Тэтгэврийг өвлүүлэх, олон давхрагат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, төлсөн шимтгэлийн хэмжээтэй холбогдуулан тэтгэврээ шудрагар тогтоолгох, хуримтлалын тогтолцоог бий болгох шаардлагыг даатгуулагчдаас хүсэмжилсэн.
  • Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилсэнээр хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна. Ингэснээр өөрийн нэр дээрх хуримтлалаа монгол хүний дундаж наслалтын жилд тохируулан хуваан авах боломжтой болно.
  • Улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 55.1 хувь нь нийгмийн даатгалд бүртгэгдсэн. Ажиллах хүчний 81.5 хувь болох 1.3 сая иргэн шимтгэл төлж байна.
  • Эмэгтэй хүн дунджаар 22 жил, эрэгтэй хүн 16 жил тэтгэвэр авдаг. Шинээр тэтгэвэр тогтоолгогчдын 45 орчим хувь нь ямар нэгэн хөнгөлөлттэй нөхцөлөөр гарахаас гадна эмэгтэйчүүдийг хүүхэд гаргах бүрт 1.6 жилээр тэтгэврийн насыг нааш татаж байгаа нь тэтгэвэр авагчдын тоог нэмэгдүүлдэг. 
  • Амьжиргааны өртөгийн түвшинтэй уялдуулан сүүлийн гурван жилд бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлснээр 2016 онд дундаж тэтгэвэр 310.7 мянган төгрөг байсан бол 2023 оны 10 дугаар сард 687.000 төгрөг болсон. Энэ онд дахин 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр улсын төсөвт тусган батлууллаа.
  • Дундаж цалин бодох итгэлцүүрийн хэмжээг инфляцитай уялдуулан жил болгон нэмэгдүүлэх учиртай ч есөн жилийн дараа шинэчиллээ. Итгэлцүүрийг шинэчилсэнээр ижил ажил хийж байсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүний хэмжээ багасна.
  • Шинэчилсэн хуулиар хувь хүн улсын тэтгэврийн сангаас гадна хувийн тэтгэврийн сангаас давхар тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн.
  • Тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаар тогтоосны улмаас тэтгэврийн хэмжээ бага тогтоож байгаад үндэслэн буцаан таван жилийн дундаж болголоо. Иргэд шинэчлэн тогтоолгож болно.
  • Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулиудыг батлан хэрэгжүүлсэнээр их хэмжээний зардал гарсан. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 16.5 мянган иргэн хамрагдаж 16.5 тэрбум төгрөг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд 44.4 мянган иргэн хамрагдаж, 76.3 тэрбум төгрөг, 2022 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хуульд 608 мянган иргэн хамрагдаж 38 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Гэхдээ эдгээр хуульд хамрагдсан иргэдэд одоогоор 4 их наяд төгрөгийг тэтгэврээр дамжуулан олгосон. Иймээс шимтгэлийг нөхөн төлөх хууль санаачлахыг хориглосон.
  • Тэтгэврийн шимтгэлд төлдөг 17 хувийн хоёр хувийг мөнгөжүүлж ипотек, эрүүл мэнд, боловсрол зэрэг нэн тэргүүний үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг хуулинд тусгасан.
  • Манай яамнаас Хуримтлалын сангийн хуулийг боловсруулсан. Үүнийг Баялагийн сангийн хуультай хамт өргөн барьж батлуулснаар, ипотект ашиглах боломжийг нээж өгнө. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button