Бизнес

Б.Баттөмөр: Нэг хөрөнгө оруулагч олон банкны хувьцаа эзэмшигч байж болно

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан явагдаж, Банкны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль зэрэг гурван асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Хуралдааны дараа Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 

Үндсэн хуульд заасны дагуу чуулган 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-нд чуулган завсарлана гэж төлөвлөж байна. Энэ хугацаанд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дуусгах шаардлагатай.

Тухайлбал; Хүүхэд хамгааллын  тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих хууль гэх мэт хуулиудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёдугаарт; банкны нэг эзэмшигч 20 хувиас дээш хувийг эзэмшихгүй байх хуулийн хэрэгжих хугацаа нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дуусах байсан ч 2026 оныг хүртэл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт; Сонгуулийн хуулиар олон зүйлийг хориглосон. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах явцдаа хууль зөрчихгүй байх үүднээс анхаарах асуудлын талаар мэдээлэл өгнө гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүдийн өргөн барьсан Банкны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцсэн. Хуулийн санаачлагч, “Нийт банкны хувьцааны 20-иос доошгүй хувийг 2023 оны өнгөрсөн 12-р сарын 31-ний өдөр арилжаалах үүрэг даалгавар хуулиар оногдсон. Өнөөдрийн байдлаар арилжааны таван банк хувьцаагаа арилжаалж, нийт хувьцааных нь 6.5-11 хувь орчим нь худалдагдсан байна.

Монголын мөнгөний эргэлтийн 70-80 хувийг барьдаг 3-4 эзэнтэй банкууд байсан. Энэ байдал задарч өнөөдөр 70 мянган эзэнтэй боллоо. Энэ шинэчлэл цаашаа үргэлжилнэ. Цаашид мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх шаардлагатай байгаа учраас хугацааг нь сунгаж 2026 он хүртэл үргэлжлүүлэх санал гаргасан. Үүний үр дүнд монголын банкуудын нэг хувьцаа эзэмшигч 20 хүртлэх хувийг эзэмших хувьцааг 2026 он хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. 

Үүнээс гадна нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалт оруулж өгсөн нь хөрөнгө оруулалтын бодлоготой зөрчилдөж байна гэдгийг олон улсын байгууллагуудаас сануулсан. Тиймээс Монголын төрийн бодлого гадны хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрлийг бууруулж зээлийн хүүг бууруулах шаардлагатай байгаа учраас нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг бүлгийн хурлаар хэлэлцэж дэмжлээ гэсэн мэдээллийг өгөв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button