Монголд газрын тосны үйлдвэр барих ажил барилга угсралтын шатандаа явж байна
Монгол Улс дахь нефтийн импорт тасалдаж ихээхэн хүндрэл дагуулдаг тул нутгийн зүүн бүсэд тогтоогдсон газрын тосонд түшиглэж, боловсруулах үйлдвэр барих төслийг БНЭУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхлээд байгаа. Гэвч манайд илэрсэн газрын тос нь царцамхай бөгөөд дотоодын өвлийн цаг агаарын байдлыг харгалзан түүхий тосыг төмөр замаар бус дамжуулах хоолойгоор боловсруулах үйлдвэрт хүргэхээр шийдвэрлэсэн.
Хоолойг барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани шалгарч 2022 оны сүүлээр ажлаа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгаанууд, зургаан байршил дахь кемпийн барилга угсралт болон технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
Үйлдвэрийг түүхий эдээр хангах Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас боловсруулах үйлдвэр хүртэлх 530 км-ийн урттай дамжуулах хоолойн барилга угсралтын ажлыг өнгөрөгч зургаадугаар сард эхлүүлсэн байна. Тус дамжуулах хоолой нь 2.8-3.0 метрийн гүнд байрлах ба БНЭУ-ын санхүүжилтээр баригдаж буй энэхүү өндөр технологийн, цогц бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канадын инженерүүд оролцон ажиллаж байна.