Хамтдаа 80 насалъя, түүнээс ч урт насалъя
“Монгол эрчүүдийн 52 хувь нь 60 насалж чадахгүй байгаа тухай судалгааг Жендерийн үндэсний хорооны тайланд дурдсан байна. Миний аав тэдний нэг. Энэ тооноос харахад зөвхөн миний, манай гэр бүлийн түүх биш. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн аавыгаа, найзыгаа, өвөөгөө 60 хүрэхээс нь өмнө нь алдаж байна” гэж “Оюу толгой” компанийн Ковидын эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Г.Нансалмаа нэгэн илтгэлдээ танилцуулж байв.
Үүнийг сонсоод нээрээ л эрчүүд маань хэд насалж байгаа билээ, эргэн тойрон, ах, дүү хамаатан садны, хорвоогийн мөнх бусыг үзсэн ах нарын маань хэд нь 60 хүрсэн билээ гэж бодогдсон.
Насны эцэст ханьтайгаа аяга цайгаа хувааж уугаад, дэлхийг тойрон аялахгүй юм гэхэд тоглоомын талбай тойроод хөтлөлцөөд алхаж байгаа хүн хэд билээ. Дэлгүүрийн лангуу, гудамж талбайд ганцаараа алхах эмээ нарыг хараад л тэд маань дэргэдээ ханьтай сан бол гэсэн бодол хаа нэгтээ зурсхийнэ.
Жил бүр гардаг монголчуудын эрүүл мэндийн статистикаас харахад монгол эрчүүд зүрх судасны өвчин болон хорт хавдар зэрэг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчинд өртөж байна.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүн дотроо элэгний хорт хавдар зонхилж буй бөгөөд, шинээр оношлогдсон хүмүүсийн 77 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй байна.
Ходоодны хорт хавдраас гадна зүрх судасны өвчин, элэг, уушгины хавдар болон гэмтэл, хордлогын шалтгаанаар эрчүүдийн талаас илүү хувь нь 60 нас хүрэлгүй хорвоогийн мөнх бусыг үздэг гэсэн харамсалтай үзүүлэлт бий. Хорт зуршлаас зайлсхийж, эрүүл хооллолт, чанартай нойр, тогтмол дасгал хөдөлгөөнийг зуршил болгосноор дээрх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Амьдралын эрүүл хэв маяг нь өвчний эрсдэлийг 80 хувиар бууруулдаг хэмээн Анагаах ухааны профессор Фатма АльМаскари НҮБ-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Эдгээрээс гадна “Эр хүн байж” гэх нийгмийн хэвшмэл ойлголтын улмаас эрчүүд аливаа асуудал тулгарахад нээлттэй ярилцах зэргээр сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Хүн өөрт тулгамдсан асуудал бэрхшээлийг бусадтай хуваалцаж байх нь сэтгэл санааг тогтвортой байлгах, асуудалд шийдэл олох зэрэг чухал нөлөөтэй. Харин Монгол эрчүүдийн дийлэнх нь зовлон бэрхшээлээ бусдад ярих дургүй. Үүнээс болж хямралд өртөх, буруу зуршилтай болох зэрэг асуудал тулгардаг. Энэ нь сэтгэл зүй болон бие организм өвчлөх шалтгаан болж улмаар богино наслахад нөлөөлдөг байна.
Тиймээс ч “Оюу толгой” компаниас эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилготой “80 насалъя” кампанит ажлыг санаачлан гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Зөвхөн эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг эмэгтэйчүүдийнхээс тусгайлан авч үзэж буй нь дэлхийн аль ч улс оронд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага байдаг. Иймд дэлхий нийтээр жил бүрийн 11 дүгээр сарыг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлийн компанит ажлуудыг өрнүүлдэг бөгөөд “Оюу толгой” компанийн зүгээс эрчүүдийн бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “80 насалъя” аяныг ийнхүү гурав дахь удаагаа эхлүүлж байна.
Аянаар иргэдэд эрүүл мэнд, сэтгэлзүйн мэдээлэл өгөөд зогсохгүй, өөрт тулгарсан асуудлыг ярилцах талбарыг ч бий болгоод байгаа юм.
Монголчуудын дийлэнх нь ойрын буюу богино төлөвлөгөө гаргах дадалтай. Энэ жил эсхүл ирэх таван жилийн, холдоо 20 жилийн цаадхыг харж, ажил амьдралаа төлөвлөдөг. Энэ төлөвлөгөөгөө одоо илүү холдуулж, “Би 80 настайдаа юу хийх вэ” гэж төлөвлөж, урт наслах төсөөлөлтэй, үүнийхээ төлөө өдөр тутамдаа дагаж мөрддөг амьдралын загвартай байж, удаан жаргалтай амьдрахыг уриалж байна.